Нийслэлийн ₮29 их наядын мега төслийн “хавх”
2026-06-19

Улаанбаатар хот маань мега төслийн “хавх”-нд орсныг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос 6 дугаар сарын 15-16-нд зохион байгуулсан Нийслэлийн төсвийн нээлттэй сонсголын үеэр албаныхны дэлгэсэн тоо баримтууд, шинжээчдийн дүгнэлтүүд бэлхнээ харууллаа.

Дэлхийн 2000-аад мега төслийг судалсан Данийн эдийн засагч Бент Фливбьергийн дүгнэлтээр 10 төслөөс 9 нь зардлаа хэт бага, үр өгөөжөө хэт өндөр тооцдог. Төсөл батлуулах үедээ сайхан харагддаг ч хэрэгжих үедээ өртөг өсөж, өгөөж буурдаг аж. Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа 19 мега төсөл яг энэ эрсдлийг санагдуулав.

 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголоор танилцуулсан 19 төслийн нэгдсэн мэдээлэл

Эдгээр төслийн нийт өртөг нь 28.9 их наяд төгрөг. Монгол Улсын нэг жилийн төсөвтэй дүйнэ. Нийт төсвийн 70 гаруй хувийг эзэлж буй төслүүдэд хийсэн дүгнэлтээр төсөвт үзүүлэх ачаалал, зээлийн эргэн төлөлтийн шинжилгээ хийгээгүй, эдийн засгийн өгөөж өндөртэй гэж байгаа ч нэгдсэн аргачлалаар үнэлээгүй тул харьцуулах боломжгүй болжээ. Туулын хурдны замын төсөл үүний тод жишээ. Ашиг тусыг нь дэлгэрэнгүй тооцсон атлаа байгаль орчин, нийгэм, бусад төслүүдтэй давхцах нөлөөллийг хангалттай тусгаагүй байна. Ийм нөхцөлд “эдийн засгийн өндөр өгөөжтэй” гэсэн дүгнэлт бодит байдал дээр хэрэгжих эсэх нь эргэлзээтэй.

Том төсөл хэрэгжүүлэх нь буруу биш. Харин олон улсын туршлагаас харахад хамгийн том эрсдэл нь төслийг удирдах засаглалын чадавх байдаг.

Улаанбаатарт метро хэрэгтэй байж болно. Трамвай ч хэрэгтэй байж болно. Үерийн хамгаалалт, цахилгаан станц, шинэ суурьшлын бүсүүд ч хэрэгтэй. Гэхдээ хамгийн түрүүнд хэрэгжүүлэх төсөл аль нь вэ гэдгийг эрэмбэлэх албан ёсны аргачлал нийслэлд өнөөдөр алга.

Төсөл бүр өөрийгөө хамгийн чухал гэж тайлбарладаг. Харин төрийн үүрэг бол хамгийн их нийгэм, эдийн засгийн өгөөжтэйг нь сонгож, төсөв, хүний нөөц, инженерийн чадавхдаа тохируулан хэрэгжүүлэх явдал. Гэтэл 19 мега төслийн хувьд улс төрийн сонирхол болон бусад субъектив хүчин зүйл бодит хэрэгцээнээс давамгайлсан уу гэсэн асуулт гарч ирж байна.

Бүр анхаарал татах зүйл нь ихэнх төслийн ТЭЗҮ бэлэн боловч хэрэгжилт бараг эхлээгүй байгаа явдал. Шинжээчдийн үзэж байгаагаар төслүүдийн бэлтгэл хангалтгүй байна. Гэтэл нийт өртгийн 57 хувь нь гадаадын зээл, тусламж, бондын эх үүсвэрээр санхүүжихээр төлөвлөгджээ. Өөрөөр хэлбэл төслүүд хөдөлж эхлээгүй байхад өрийн тоолуур хэдийнэ эргэж эхэлсэн гэсэн үг.

 

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаагийн танилцуулснаар 19 төслийн санхүүжилт дараах бүтэцтэй 

 

Дэлхийн туршлага ч ийм эрсдэлийг сануулдаг. Малайзын Куала Лумпур хот 1990-ээд онд олон том дэд бүтцийн төслийг зэрэг эхлүүлсэн ч Азийн санхүүгийн хямралын дараа зарим нь гацаж, өрийн дарамтаасаа гарахад олон жил зарцуулсан. Латин Америкийн хэд хэдэн оронд ч мега төслүүдийн хуримтлагдсан өр эдийн засгийн томоохон хүндрэл үүсгэж байсан түүх бий.

Бент Фльевбергийн судалгаанд хэлснээр мега төсөл томрох тусам ил тод байдал, иргэдийн оролцоо багасах эрсдэлтэй бөгөөд ийм үед хараат бус хяналт, нээлттэй мэдээлэл хамгийн чухал хамгаалалт болдог аж. Гэвч шинжээчийн мэдээлснээр 19 мега төслөөс ердөө хоёрынх нь мэдээлэл Төсвийн хөрөнгө оруулалтын PIMIS системд байжээ. Өөрөөр хэлбэл, олон нийт төслийн үндэслэл, эрсдэлийн үнэлгээ, санхүүжилтийн нөхцөл, хэрэгжилтийн тайлантай тогтмол танилцах боломжгүй байна.

Хэрэв төсөл үнэхээр өндөр өгөөжтэй бол түүнийг нотлох тооцоо, үнэлгээ, тайлан олон нийтэд нээлттэй байх ёстой. Ил тод байдалгүй нөхцөлд иргэд төслийн бодит үр нөлөөг үнэлэх, төрийн шийдвэрт хяналт тавих боломжгүй болдог.

Сонсголын үеэр АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал нийслэлийн санхүүжилт авсан 13 төслийг шалгаж байгааг мэдээлсэн. Одоогоор 30 дансны 2.6 их наяд төгрөгийн гүйлгээг хязгаарлаж, найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, гурван хүнийг цагдан хорьжээ.

Эдгээр төслийг хэрэгжүүлэх нь буруу гэсэн үг биш. Харин нийтийн асар их хөрөнгө төвлөрсөн нөхцөлд хяналт сул байвал эрсдэл бодит болдгийн жишээ нь энэ юм.

Өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн том “хавх” нь мега төслүүд өөрсдөө биш, харин тэдгээрийг хянах ёстой тогтолцоо сул байгаа явдал. Олон нийтийн төлөөллийн байгууллага болох ИТХ хөгжлийн нэрээр гарч буй шийдвэрүүдийг бодитоор нягталж, эрэмбэлж, хариуцлага тооцож чадахгүй бол нийслэлчүүд мега төслийн үр өгөөжийг хүртэх бус, “мега” өрийн дарамтыг нь үүрэх эрсдэлтэй.

Сэтгэгдэл