
Өнөөдөр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж тэмцлийн эцсийн хэлбэр болох ажил хаялтыг улс орон даяар энэ сарын 30-наас эхлэн зохион байгуулах болсноо мэдэгдлээ. Тус холбооноос “Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмж, нийгмийн баталгааг хангахгүйгээр тус салбарын аюулгүй байдал, боловсон хүчний дутагдал, техник, технологийн шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй” хэмээн үзэж, гүйцэтгэх хорооны V хуралдаанаар энэхүү шийдвэрийг гаргаад байна.
Хэвлэлийн бага хуралд тус холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүч хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир болон анхан шатны хороодын дарга идэвхнүүд оролцож байр сууриа илэрхийлсэн юм.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир: “МҮЭ-ийн холбоо болон эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын ҮЭ-ийн холбоо өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг зөвшилцлийн арга замаар шийдвэрлэхийг маш их хичээсэн гэдгийг урьдчилан хэлэхийг хүсэж байна. МҮЭ-ийн холбоо шинэ тутам үйл ажиллагаа явуулж явуулж байгаа Засгийн газар энэ асуудалд нухацтай хандаж, шуурхай арга хэмжээ авч, тодорхой шийдэл гаргана гэж найдаж нэлээдгүй удаан хугацаанд харсан. Гэвч өнөөдөр ажил хангалтын түвшинд хүрэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байгаа нь маш харамсалтай байна.
Хэрвээ нөлөөлөх оролдлого хийвэл энэ нь Монгол улсын хууль тогтоомжоос гадна Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Монгол Улсын нэгдэн орсон гэрээ хэлэлцээрээр олгогдсон эрх буюу ҮЭ-үүдийн хараат бус бие даасан байдалд хөндлөнгийн нөлөөлөл үзүүлж байна гэж үзэж ҮЭ-ийн байгууллагуудаас шаардлагатай арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдэе” гээд Эрчим хүчний яам цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар ямар гарц гаргалгаа байгааг танилцуулах шаардлагатай гэдгийг онцолсон юм.

Тус холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж "Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил хаялт зарлах нөхцөл бүрдсэн. 2026 оны 6-р сарын 30-ний 08.00 цагаас эхлэн ажил хаялт зарлахаар боллоо. Ажил олгогчтой хэлэлцээр хийх бүрэлдэхүүнийг баталсан. Ирэх Даваа гарагт Эрчим Хүчний Яаманд албан ёсоор баримт бичгээ хүргүүлнэ" хэмээн байр сууриа илэрхийлэв. Эрчим хүчний салбарын нийт 35 байгууллагын 9317 ажилтнаас өнөөдрийн байдлаар 27 байгууллагын 6600 гишүүн ажилт хаялт зарлах эсэх санал хураалтад оролцон, 94.9 хувь нь дэмжсэн байна.