Ц.Цогтыг сонгосон шалтгаан
2026-06-22

⚖️Монголын шүүх эрх мэдэл шинэ тэргүүнтэй боллоо. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо. Энэхүү томилгоог хууль, шүүхийн салбарынхан төдийгүй түүнийг мэдэх олон хүн эергээр хүлээн авч байна. Шүүх эрх мэдэл бол ардчилсан төрийн эрх мэдлийн гурван тулгуурын нэг. Тиймээс түүний тэргүүн нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлээс хараат бусаар ажиллаж, иргэн бүрийн эрх, эрх чөлөөг шударга, хараат бус шүүхээр хамгаалуулах Үндсэн хуулийн үнэт зарчмыг баталгаажуулах онцгой үүрэгтэй. Ерөнхий шүүгч хууль баталдаггүй, төсөв захирдаггүй, улс төрийн шийдвэр гаргадаггүй. Харин шүүхийн бие даасан байдлыг хамгаалж, улс төр, бизнес болон аливаа эрх мэдлийн зүй бус нөлөөллөөс шүүхийг ангид байлгах, шүүгчдийг шударга, ёс зүйтэй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь түүний хамгийн чухал үүрэг юм. Энэ утгаараа Ерөнхий шүүгч нь ардчилал, хууль дээдлэх ёс, шударга ёсны бат бэх түшиц, хамгаалагч байх учиртай. Энэ хариуцлагатай албыг нэр төртэйгөөр хэрэгжүүлж чадна гэсэн итгэл, хүлээлтийг Ц.Цогт шүүгч өөрийн замнал, ёс зүй, мэргэжлийн үйл ажиллагаагаараа хэдийнээ бий болгожээ.

May be an image of newsroom, dais and textМонгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Ц.Цогт нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежид ⭐Хууль зүйн ухааны магистрын зэрэг, 2017 онд Япон улсын Нагояагийн их сургуульд ⭐Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Түүний магистрын судалгааны ажил нь Монгол Улс дахь хуулийн тайлбар: Абстракт хандлагаас ангижрах нь гэсэн сэдэвтэй. Харин докторын судалгааны бүтээл нь Монгол Улс дахь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: Захиргааны хяналтаас шүүхийн хамгаалал руу шилжсэн үү? гэх сэдэвтэй. Энэ бүтээл нь Франц, Германаас үүдэлтэй Оросоор дамжин Монгол Улсад орж ирсэн захиргаадалтын хяналтын загвараас бид бүрэн салж чадсан эсэх тухай харьцуулсан судалгаа аж. Хэдийгээр манай улс Ардчилсан тогтолцоонд шилжиж, хууль эрх зүйн хувьд өөрчлөлт гарсан хэдий ч захиргааны хяналтаас шүүхийн хамгаалал руу бүрэн шилжсэн гэж шууд дүгнэх боломжгүй. Зарим захиргаадалтын арга, хэлбэр нь одоог хүртэл байсаар байгаа гэдгийг Ерөнхий шүүгч Ц.Цогт өмнө нь хэлж байв.

Сонгинохайрхан дүүргийн шүүхээс ажлын гараагаа эхэлж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2004 оноос хойш Захиргааны хэргийн шүүгчээр 16 жил, Улсын дээд шүүхийн шүүгчээр зургаан жил ажилласан туршлагатай. ⭐Шүүхийн салбарт ажиллахын зэрэгцээ МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Хууль зүйн үндэсний хүрээлэнд багшилж, МУИС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор ажилладаг. Түүний хувьд Монголын шүүгчдийн холбооны Гадаад харилцааны дэд хороог ахлан ажиллаж, Олон улсын шүүгчдийн холбооны гишүүн байгууллага болоход бодлогын болон үйл ажиллагааны гол дэмжлэгийг үзүүлсэн. ✅Хууль, шүүхийн салбарынхан түүнийг Монгол Улсад захиргааны эрх зүйн шүүх тогтолцоог бий болгох, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, захиргааны эрх зүйн төрөлжсөн нарийн мэргэшсэн сургалт, судалгаагаар дотооддоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, онол-практикийн туршлагатай хэмээн үнэлдэг аж. Ийнхүү шүүхийн салбарт эрдэм мэдлэг болон ажлын туршлагаараа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн Монгол Улсын Ерөнхий шүүгчээр томилогдсон нь Монгол улсад авлига, хээл хахууль газар авч, иргэдийн шүүхэд итгэх итгэл буурсан энэ л цаг үед нүдээ олсон томилгоо боллоо.

Шинэ Ерөнхий шүүгч ажлаа хүлээн авах үеэрээ “Шүүхийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, өөрчлөлтийг цаашид тууштай үргэлжлүүлж, холбогдох төрийн байгууллагуудтай хуульд заасан чиг үүрэг, журмын хүрээнд хамтран ажиллана. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албыг шударга, зарчимтай, хаших болно” хэмээн хэлсэн. ⚖️Хэлсэн үгэндээ эзэн байж, шударга ёсны талд бат зогсоно гэдэгт итгэж байна.

Сэтгэгдэл