Төрийн өмчийг шимэгчид
2026-06-23

Ерөнхий сайд Н.Учрал төрийн өмчит компаниудаас болж “үгээ хэлж, үсээ зулгааж” сууна. Шинэхэн Ерөнхий сайд саяхан л төрийн өмчит компаниудыг цэгцэлнэ хэмээн зарлаж, 14 компанийг татан буулгахаа мэдэгдсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт “Үнэндээ төрийн өмчит компанид шинэчлэл хийе гэхээр улс төрөө дийлэхгүй юм билээ. Төрийн өмчит компаниудын захирлууд бүгд хамгаалалттай. 14 компанийн 67 тэрбумыг хэмнэсний дараа утасны дуудлага тасрахаа больсон. Бүтээмжийн менежерүүд нь бүгд ардаа улс төрийн хамгаалалтай” хэмээн үнэнийг хэлэв.

Үүнийг баталсан бас нэг баримт Нийслэлийн төсвийн ерөнхий хяналтын сонсголын үеэр тодорхой болов. Тодруулбал, НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга гишүүнээр ажиллаж байна. ❗Бүр нэг төлөөлөгч хэд хэдэн нийслэлийн өмчит үйлдвэрийн газар ТУЗ-д гишүүнээр ажиллахаас гадна гүйцэтгэх удирдлагад нь ажиллах тохиолдол ч байгааг шинжээчид танилцуулав.

Нийслэлийн өмчит болон нийслэлийн оролцоотой компаниудын мэдээллээс харахад ТУЗ-ийн дарга, гишүүдэд 2024 он, 2025 он болон 2026 оны эхний таван сарын байдлаар нийтдээ дор хаяж 1.9 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгосон тухай graph.mn сайт мэдээлснийг эндээс харж болно. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын ихэнх нь ашиг, орлого олдоггүй. ⛔Алдагдалтай ажилладаг хэрнээ Төлөөлөн удирдах зөвлөлд нь үргэлж улс төрийн нөлөө бүхий хүмүүс ажиллаж, төсвийн мөнгийг төрийн өмчит нэртэй компаниуд салаа, мөчрөөрөө урсгаж суудаг нь энэ. Ингэхдээ НИТХ-ын төлөөлөгчид төсөв баталдаг. Гэтэл төсвийг нь баталж өгсөн байгууллагынхаа ТУЗ-д нь өөрсдөө сууж байдаг. Тэгээд эцэст нь өөрийнхөө баталсан төсвийн мөнгөнөөс өөртөө урамшуулал авдаг. Одоо тэгээд хэн нь хэнийг хянах вэ? Ичиг ичиг.

Сэтгэгдэл