Хүнээ хаясан эрчим хүчний салбар
2026-06-24
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос тэмцлийн эцсийн хэлбэрт шилжиж, улс орон даяар энэ сарын 30-наас эхлэн ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байна. Ажил хаялтыг зохион байгуулагч Үйлдвэрчний эвлэлийн хэлэлцээр хийх төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ЭХГУУҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүч хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, III цахилгаан станц ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран нар өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, ярилцлаа.

Нийслэлчүүд өнгөрсөн өвөл хотоороо хөлдчих дөхсөн. Ид хүйтний үеэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан станцуудад гэмтэл гарсны дараа хоёр цагийн хугацаатай ээлжлэн цахилгааны хязгаарлалтад орж,  өвлийн хүйтнийг арайхийн давцгаасны ард найдвартай эрчим хүчний эх үүсвэр, дулаан хангамж байхгүй бол идэр есийн хүйтэнд юу болохыг бүгд төсөөлсөн биз ээ. Ийм ч учраас Засгийн газар эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай ярьж эхэллээ. Зарим станцад засвар шинэчлэлийн ажил ч хийж байна. Бүгд л сэргээгдэх эрчим хүч, техник, технологи, засвар шинэчлэл ярьцгааж эхэлсэн. Гэвч хүнээ мартсан бололтой.

Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийнхэн он гарснаас хойш ажил олгогч буюу Засгийн газартай ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг хангах тухай шаардлага тавьж, хэлэлцээр хийж эхэлсэн ч хагас жилийн хугацаанд хариугаа авч чадаагүй байна. Энэ хугацаанд хуулийн дагуу шаардлага тавьж, явсаар эцэст нь ажил хаялт зарлахаар шийджээ. 2025 онд байгуулсэн хэлэлцээрийн дагуу 2026 оны цалингийн нэмэгдлийг энэ оны 10-р сарын 30-ны дотор шийдвэрлэж, төсөвт тусгах ёстой. Гэтэл Засгийн газар эрчим хүчний салбарын гол хөдөлгөгч хүч ажилчдынхаа асуудлыг сонссон ч сонсоогүй мэт өнгөрөөж буй нь асуудлыг улам хүндрүүлж байна.

Станцад анх ажилд орж буй 3-р зэрэгтэй ажилтны цалин 1,400,000 төгрөгөөс эхэлдэг. Салбарын ажилчдын дундаж цалин нь 1,8-2,5 сая төгрөг гэж мэдээлж байна. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс өглөө ажилдаа гараад орой харих эсэх нь тодорхойгүй аюултай, хүнд хортой нөхцөлд ажилладаг энэ салбарын 17800 хүний цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Учир нь цалингаа нэмэхгүй бол тогтвор суурьшилтай ажиллах мэргэжилтэй ажилтан олдохоо больсон. Цалин багаас гадна ажиллах орчин муу, станцын техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 10-15 жилээр хэтэрсэн, аюулгүй ажиллагааны эрсдэл ихтэй, ажилчдын нийгмийн хамгааллын асуудал орхигдсон энэ салбарын хүний нөөцийн бодлого нь алдагдаад уджээ.

III цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран

III цахилгаан станц ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран

Тухайлбал, III цахилгаан станц ТӨХК л гэхэд 1000 орчим ажилтантай. Сүүлийн гурван жилийн байдлаас харахад жилд дунджаар 150 орчим хүн буюу 15 хувь нь ажлаасаа гарчээ. 2023 онд 170, 2024 онд 145, 2025 онд 140 хүн ажлаасаа гарсан. Тэдний талаас дээш хувь нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн байна. Ийм учраас эрчим хүчний салбарт шинэчлэл хийх гэж байгаа бол хүнээсээ эхлэх шаардлага үүсчээ. Үгүй бол энэ салбар мэргэжилтэй, туршлагатай ажиллах хүчний дутагдалд орох бодитой эрсдэл нүүрлэсэн байна.

Гадны орнуудад ийм тоосжилт, дуу чимээ ихтэй, халуун, химийн хортой нөхцөлд ажиллаж буй хүмүүсийн цалин бусад салбараас 2-3 дахин өндөр байдаг. Харин манайд эрчим хүчний тариф нь бага тул үйлдвэр нь ашиггүй ажиллаж, ажилчид нь ч бага цалинтай. Энэ асуудлыг шийдэхийн тулд 2023 онд эрчим хүчний үнийг нэмсэн. Мөн энэ сараас эхлэн айл өрхийн цахилгааны төлбөрийг 5 хувь, аж ахуйн нэгжийг 10 хувь, уул уурхайн салбарыг 15 хувиар нэмэх шийдвэр гаргаад байна. Ийм учраас Засгийн газар төсвийн тодотгол хийхэд тодорхой санал оруулж, ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх 200 орчим тэрбум төгрөгийг шийдэх ёстой гэж Үйлдвэрчний эвлэлийнхэн шаардаж, энэ сарын 30-наас эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдсэн.

Эрчим хүчний салбарын нийт 35 байгууллагын 9317 ажилтнаас өнөөдрийн байдлаар 27 байгууллагын 6600 гишүүн ажилт хаялт зарлах эсэх санал хураалтад оролцон, 94.9 хувь нь дэмжсэн байна. “Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмж, нийгмийн баталгааг хангахгүйгээр тус салбарын аюулгүй байдал, боловсон хүчний дутагдал, техник, технологийн шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй” хэмээн үзэж, гүйцэтгэх хорооны V хуралдаанаар энэхүү шийдвэрийг гаргасан гэж Үйлдвэрчний эвлэлийнхэн мэдээллээ.

Сэтгэгдэл