Усны тухай хууль: Уул уурхайн маргаанаас үндэсний хэлэлцүүлэг рүү
2026-06-25

Монгол Улс Усны тухай хуулиа 14 жилийн дараа шинэчлэх гэж байна. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон нийтээс санал авах хоёр дахь хэлэлцүүлгийг зургадугаар сарын 25-ны өдөр олон нийт, салбарын мэрэгжилтнүүд, төрийн байгууллагын оролцоотой хийлээ. Хуулийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ажиллаж байгаа аж.

Хуулийн шинэчилсэн найруулгад усны нөөцийн нэгдсэн менежмент, стратегийн ач холбогдолтой усны нөөц, экологийн урсац, усны нээлттэй мэдээллийн сан зэрэг олон шинэ зохицуулалт орсон нь цаг үеийн шаардлагад нийцсэн шинэчлэлт юм. Усны нөөц жигд бус тархалттай, дэлхийн дулаарал эрчимтэй явагддаг, газар доорх усанд түшиглэсэн хэрэглээ нэмэгдэж буй өнөө үед усны эрх зүйн харилцаанд шинэчлэл хийх шаардлагатай гэдэгтэй маргахгүй.

Гэвч хууль батлах үйл явц өөрөө хуулийн чанарыг тодорхойлдог хамгийн чухал үе шат гэдгийг мартаж болохгүй. Үүнийг анхаарах шаардлагатай гэдгийг “Усны үнэ цэн” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэгт оролцогчдын төлөөлөл харууллаа. Энэ хууль үнэхээр Монголын усны ирээдүйн тухай өргөн хүрээний хэлэлцүүлэг болж чадсан уу, эсвэл уул уурхай ба малчид хоорондын маргааны хүрээнд хязгаарлагдав уу гэсэн асуулттай үлдэв.

Хэлэлцүүлэгт усны салбарын төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн уул уурхайн нөлөөлөлд аж төрдөг малчид, “Оюу толгой”, “Энержи Ресурс”, “Бадрах Энержи”, “Тавантолгой”, “Монголиан критикал минералс” зэрэг уул уурхайн томоохон компаниуд, Монголын уул уурхайн үндэсний ассоциац, Монголын гидрогеологийн холбоо, зарим иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Харин эрчим хүч, барилга, хот байгуулалт, хотын ус хангамж, газар тариалан, боловсруулах үйлдвэр зэрэг усны томоохон хэрэглэгч болсон эдийн засгийн салбаруудын төлөөлөл бараг оролцоогүй нь анхаарал татаж байна.

Усны тухай хууль бол зөвхөн байгаль орчны салбарын хууль биш. Улс орны хамгийн хязгаарлагдмал нөөцийг хэнд, ямар дарааллаар, ямар нөхцөлөөр ашиглуулахыг тогтоодог эдийн засгийн суурь хууль гэхэд болно. Тэр утгаараа усны төлөө өрсөлдөж буй салбаруудын эрх ашиг, ирээдүйн хэрэгцээ, байгаль орчны тэнцвэрийг зэрэг зохицуулах учиртай.

Хэлэлцүүлгийн үеэр талуудын асуусан асуулт, хэлсэн саналууд ч энэхүү эрх ашгийн тэнцвэрийг хөндөж байсан юм. Малчдын төлөөлөл гэхэд, газар доорх усны нөөц хязгаарлагдмал нөхцөлд уул уурхайд ийм усыг ашиглуулахыг хэрхэн зохицуулах, сав газрын дүгнэлт гаргахдаа орон нутгийн иргэдийн саналыг хэрхэн тусгах талаар хөндсөн. Харин уул уурхайн компаниуд ус ашиглах зөвшөөрлийг лицензтэй уялдуулж буй цоо шинэ зохицуулалтыг, өөрийн хөрөнгөөр газар доорх усны эрэл хайгуул хийсний үр дүнд ямар урамшуулал, дэмжлэг үйлчлэх талаар төвлөрч асуув. Аль алиных нь хөндөж буй асуудал үндэслэлтэй, анхаарах ёстой. Гэвч усны хэлэлцүүлэг энэ хоёр талаас өргөн хүрээнд, үндэсний хэмжээнд өрнөх учиртай.

Жишээ нь, ойрын ирээдүйд эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд хаана, ямар усны нөөцөд тулгуурлан хөгжи, хот суурин газруудын усны хэрэгцээ ба хэрэглээ хэрхэн өсөх төлөвтэйг, усалгаатай газар тариаланг хэрхэн тэлэхийг, боловсруулах үйлдвэрүүдийн хаягдал усны стандарт гэх мэт өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг салбар бүрд хийж, эрх ашгийн тэнцвэрийг хангаж байж Усны тухай хууль бүрэн утгаараа хэрэгжинэ. Хуулийн ажлын хэсгийнхний хэлж буйгаар уг хуулийг үзэл баримтлалын хүрээнд УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлсэн. Харин салбар бүрээр тусгайлан хэлэлцүүлээгүй аж.

Усны бодлого бол зөвхөн байгаль орчны асуудал биш, улс орны хөгжлийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг бүгд ярьдаг. “Төр буй дор татвар буй” гэх үзэл санаа татварын хуулийг олон нийтээр, бизнесийн төлөөллөөр, эдийн засгийн салбар бүрээр идэвхтэй хэлэлцүүлдэг жишиг бий. Үүн лугаа ус ч ялгаагүй хүн бүрд, байгууллага бүрд хамааралтай тул өргөн сэдэв. Тиймдээ ч Усны хууль тогтоомжийг боловсруулахдаа зөвхөн салбарын мэргэжилтнүүд төдийгүй эдийн засгийн бүх гол салбар, орон нутгийн иргэд, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн төлөөллийг бодлого боловсруулах үе шатнаас нь оролцуулах нь чухал.

Хуулийн шинэчилсэн найруулгад Усны сав газрын оролцооны зөвлөл, усны мэдээллийн сан, олон нийтийн оролцоог дэмжих зохицуулалтууд туссан нь эерэг. Гэвч хуулийг батлахаас өмнөх хэлэлцүүлгийн чанар, хамрах хүрээ нь хуулийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх, дэвшилтэт зохицуулалтуудыг амь оруулах суурь болдог билээ. Энэ утгаараа Усны тухай хууль нь зөвхөн нэг бүс нутгийн, эсвэл хоёр талын ашиг сонирхлын асуудал биш, үндэсний хэмжээний бодлогын шийдвэр тул шийдвэр гаргагчдаас онцгой анхаарал, нийтийн эрх ашгийг эн тэнцүү хангахыг шаардана.

Хууль нэг удаа батлагддаг ч түүний үр дагавар олон арван жил үргэлжилдэг. Тиймээс энэ хуулийг яаравчлан батлах бус, бүх талын оролцоог хангаж, үндэсний зөвшилцөлд тулгуурлан боловсруулж батлах нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн ашиг сонирхолд нийцнэ.

Та Усны тухай хуулийн төсөлд энд дарж саналаа өгөөрэй.

Сэтгэгдэл