
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилох асуудлыг хэлэлцэж, баталлаа. Өчигдөр холбогдох хуулийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулахаар нэр дэвшүүлж буй саналаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцуулсан. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Нэр дэвшигч Ж.Сүхбаатар 1975 онд одоогийн Дархан-Уул аймгийн Дархан сум буюу Дархан хотод төрсөн. Ж.Сүхбаатар 1993 онд Дархан хотын 3 дугаар дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. АНУ, Швед, Казахстан зэрэг улсад мэргэжлийн болон бусад сургалтад хамрагдсан. Нийтийн эрх зүй буюу захиргааны эрх зүй, сонгуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн судалгаа хийдэг, докторант.
Ж.Сүхбаатар 1997-2005 онд “Улаанбаатар” эрдэм дээд сургуульд Захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Хуулийн бодлогын зөвлөх, 2001-2006 онд СЕХ-ны гишүүн, нарийн бичгийн дарга, 2006-2008 онд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2020-2022 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, 2022-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 04 дүгээр сар хүртэл УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2026 оны 04 дүгээр сараас Ерөнхий сайдын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй аж.
Ж.Сүхбаатар нь төрийн албанд 20 гаруй жил ажилласан бөгөөд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албанд удирдах болон өндөр албан тушаалуудад удаа дараа сонгогдон, томилогдон ажилласан, төрийн ажил, эрх зүйн онол практикийн өндөр мэдлэг чадвар, бэлтгэгдсэн байдал, туршлагыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж байна хэмээн танилцуулав.
Нэр дэвшигч Г.Эрдэнэбат нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1990 онд 31 дүгээр дунд сургууль, 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1997 онд Батлан хамгаалахын их сургуулийг хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн. 1998-2000 онд ОХУ-ын Уралын хуулийн академид эрүүгийн эрх зүй, криминалогийн чиглэлээр аспирантурт суралцсан байна. Тэрбээр, 1994-1995 онд Хилийн цэргийн ангид офицер, 1996-1998 онд БХИС-д багш, 1998-2000 онд Хил хамгаалах ерөнхий газарт хуулийн зөвлөх, 2000-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2005-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2009-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хуулийн асуудал хариуцсан туслах, 2010-2013 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, 2013-2019 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, 2019-2022 онд Монголын криминалогичдын холбооны ерөнхийлөгч, 2021-2023 онд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлах референт, 2024-2025 онд УИХ-ын Тамгын газарт ажилтан, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байна. Түүний хууль зүй, улс төрийн мэргэшсэн байдал, төрийн алба болон эрдэм шинжилгээ, судалгаа, боловсролын байгууллагад ажилласан болон эрх зүйн онол, практикийн өндөр мэдлэг, бэлтгэгдсэн байдал, туршлагыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж байна гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Жамъянхорлоогийн Сүхбаатар, Ганбатын Эрдэнэбат нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо 24-ний Лхагва гарагийн хуралдаанаараа хэлэлцээд, Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Ийнхүү өнөөдөр нэгдсэн чуулганаар баталлаа.