
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2026.06.26) Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсад 494.3 тонн алтны нөөц бүртгэгдэж, алтны 597 тусгай зөвшөөрөл олгогдсоны 83 хувь нь шороон, 17 хувь нь үндсэн ордод хамаардаг байна. Үүний зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт 95.5 тонн алтны нөөц байршиж байгаа тул байгаль орчин, түүх, соёлын өвийн хамгаалалтыг эдийн засгийн үр өгөөжтэй тэнцвэртэй уялдуулсан шийдэл шаардлага үүсэн гэлээ. Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2024 онд 16 тонн, 2025 онд 10 тонн болж буурсан бөгөөд 2026 оны эхний таван сарын алтны экспорт 2.5 тонн буюу өмнөх оны мөн үеэс 27 хувиар буураад байгаа аж.
Эдийн засаг, хөгжлийн сайд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын зарим талбай Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхацсаны улмаас төслүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байгааг дурдлаа. Гацууртын орд 42.3 тонн, Эрээн-Баавгайтын орд 10.5 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй бөгөөд хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлснээр нийт 52.8 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой хэмээв.
Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд 4 тонн хүртэл алт тушааж, 500-600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой. Хөрөнгө оруулагч төслийг төрийн 34 хувь, хувийн хэвшлийн 66 хувийн оролцоотой хэрэгжүүлэх, 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэнээс хойш найман сарын дотор олборлолтыг эхлүүлэх санал ирүүлжээ. Урьдчилсан тооцоогоор төслийн хугацаанд Үндэсний баялгийн санд 3.56 тэрбум ам.доллар төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд энэ тооцоог хөрөнгө оруулалтын гэрээ, татварын нөхцөл, төрийн оролцооны эцсийн хэлбэртэй уялдуулан нарийвчилна хэмээн Ж.Энхбаяр сайд танилцуулав.
Эрээн-Баавгайтын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд 1 тонн орчим алт тушааж, 120-150 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх, Хөгжлийн банкны 19 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулах эх үүсвэр бий болгох боломжтой гэв. Урьдчилсан тооцоогоор Үндэсний баялгийн санд 883 сая ам.доллар төвлөрүүлэх тооцооллыг тэрбээр дурдсан. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд нийт 5 тонн орчим алт тушаах, экспортын болон татварын орлого, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засаг, ажлын байр, Үндэсний баялгийн сангийн орлогод эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэх аж. Төслийг эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.