Монгол ардын нам ердөө 231 гишүүнтэй
2026-06-29

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам төрийн санхүүжилт авах эрхтэй гэж заасан. Энэ нь улс төрийн намыг том хандивлагчдын хараат байдлаас салгаж, бодлого, шийдлээрээ өрсөлддөг ил тод, хараат бус бодлогын судалгааны нам болгож төлөвшүүлэх зорилготой. Иймээс Сонгуулийн ерөнхий хороо, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг зохион байгуулж, намуудын орлогын эх үүсвэр, хөрөнгийн байдал, хандив, гишүүнчлэл, санхүүжилт зэрэг мэдээллийг олон нийтэд түгээж байна. Тус үзэсгэлэнгээс дараах өгөгдлийн дүрслэлүүдийг онцолж байна.

Нийт 29 нам тайлан ирүүлснээс төрөөс санхүүжилт авах босгыг давж, шаардлага хангасан долоон нам 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.

Ардчиллын чанарыг хэмжих нэг чухал үзүүлэлт бол улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал юм. Учир нь ил тод санхүүжилт нь авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, “бодлогын нам” төлөвшихөд чухал нөлөөтэй. Тэгвэл тэд санхүүжилтээ хуулийн дагуу зарцуулсан уу?

Улс төрийн намын тухай хуулиар төрийн санхүүжилтийн 20 хувиас доошгүйг нийгмийн өөр өөр бүлгүүдийн оролцоог хангах, сургаж бэлтгэх, 15 хувиас доошгүйг улс төрийн боловсрол олгох, 15 хувиас доошгүй хувийг судалгаа,  дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлд зарцуулах үүргээ биелүүлжээ.

Намууд гишүүдийнхээ тоог худал мэдээлдэг үү?

Улс төрийн намууд гишүүдийнхээ тоог МАН-316’735, АН-201’000, ХҮН-1’800 гэх зэргээр мэдүүлжээ. Гэтэл албан ёсоор татвар төлсөн гишүүний тоог харахад МАН-231, АН-2’142, ХҮН-342 болж, эрс ялгаатай дүн гарч байна. Тодруулж хэлбэл, Улс төрийн намын тухай хуулиар намын гишүүн гэж …гишүүний татвар төлдөг иргэнийг хэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр МАН ердөө 231 гишүүнтэй бол таарах нь ээ.

Ийнхүү татвар төлдөг намын гишүүдийн тооноос хамаарч, орлогын бүтэц нь өөрчлөгдөж байна. Саяхан намын шинэчилсэн бүртгэлээ явуулсан АН гишүүдээсээ дийлэнх орлогоо бүрдүүлдэг бол МАН-ын орлогын 50 орчим хувийг төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг эзэлдэг аж.

“Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн “BlueMon” төвийн “Norphei Art Gallery”-д энэ сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Намын санхүүжилт бол зөвхөн тоо, тайлангийн асуудал биш. Энэ нь улс төрийн намууд хэний өмнө хариуцлага хүлээдэг, хэний мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг, бодлогоо хэрхэн боловсруулдаг вэ гэсэн ардчиллын суурь асуулттай шууд холбоотой.

Сэтгэгдэл