
Улсын их хурлын нэгдсэн чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Цэцэгмаа овогтой Уртнасан, Нэргүй овогтой Мягмар нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан нэр дэвших тухай хүсэлтийн загварын дагуу материалаа бүрдүүлж Байнгын хороонд ирүүлсэн байна.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж, 4.5 дахь хэсэгт “Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно” гэж заасан байдаг аж. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн сонсгол явуулах үе шатыг баримтлан зохион байгуулжээ. (дэлгэрэнгүйг эндээс)
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, мөн нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Пүрэвдорж, Ц.Мөнхбат, Д.Ганбат, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, хариулт авсан. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаарх нууц санал хураалтыг явуулав. УИХ-ын 105 гишүүний 70.5 хувь нь Н.Мягмарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилохыг, 65 хувь нь Ц.Уртнасанг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилохыг тус тус дэмжлээ. Иймд “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцож, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тус тогтоолд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг томилж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Б.Баасандоржийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхөөр заасан байна.
Монгол төрийг байгуулах сонгуулийн үйл ажиллагааг шударга, хараат бус, хууль тогтоомжийн зөрчилгүй зохион байгуулах үүрэг хүлээж буй тул хариуцлагатай ажиллахыг шинээр томилогдож буй Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт сануулаад, ажлын амжилт хүслээ.