
Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн томилгооны сонгсолыг хийсэн. Харин өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Энхболдын Анарын томилгоог хэлэлцлээ.
Э.Анарын хувьд УИХ-ын гишүүдийн асуултад Төв банканд 16 жил ажилласан туршлагадаа үндэслэн Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээл, банкны тогтолцоог тогтвортой байлгах, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн. Мэргэжилтнээс нь эхлээд газрын захирлаар ажиллахдаа гадаад валютын нөөц, банкны хяналт шалгалтын чиглэлд түлхүү ажилласан учраас инфляцийг зорилтот түвшинд хадгалах, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг бэхжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд анхаарна гэлээ. Мөн Төв банкны хараат бус, бие даасан байдлыг сайжруулах нь тун чухал, иргэдийн хүлээлтэд хүргэхийн тулд ипотекийн эрх зүйн орчныг шинэчлэх, олон эх үүсвэрээс, хөрөнгө оруулалт татах, гадаадын банк ажиллахыг дэмжинэ. Зээлийн хүүг багасгахын тулд олон эх үүсвэр бий болгох, зээлийн мэдээллийн сан, харилцагчийн үнэлгээг боловсронгуй болгож, уян хатан бодлого баримталж ажиллахаа нэр дэвшигч Э.Анар илэрхийллээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нэр дэвшигчийн томилгооны асуудлаар хэлэлцэх зүйл байгаа учраас хоёр хоногийн завсарлага хүссэн. Харин УИХ-ын дарга С.Бямбацогт чуулган завсарлах хугацаа ойртсон, цаг баг байгаа тул өнөөдрийн ажлын цаг дуустал завсарлага өглөө. Ингээд маргааш өглөө 10 цагт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилох санал хураалт явуулахаар болсон юм.