
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Энхболдын Анарыг томилох нууц санал хураалт явуулахад олонх нь дэмжлээ. Өчигдрийн нэгдсэн чуулганаар гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авсан. Харин өнөөдөр чуулганы хуралдааны эхэнд АН-ын бүлэг дахин завсарлага хүссэн боловч УИХ-ын дарга завсарлагын хугацааг сунгасангүй. Ингээд санал хураалт явуулахад олонх нь дэмжлээ.
Э.Анарын хувьд УИХ-ын гишүүдийн асуултад Төв банканд 16 жил ажилласан туршлагадаа үндэслэн Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээл, банкны тогтолцоог тогтвортой байлгах, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн. Мэргэжилтнээс нь эхлээд газрын захирлаар ажиллахдаа гадаад валютын нөөц, банкны хяналт шалгалтын чиглэлд түлхүү ажилласан учраас инфляцийг зорилтот түвшинд хадгалах, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг бэхжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд анхаарна гэлээ. Мөн Төв банкны хараат бус, бие даасан байдлыг сайжруулах нь тун чухал, иргэдийн хүлээлтэд хүргэхийн тулд ипотекийн эрх зүйн орчныг шинэчлэх, олон эх үүсвэрээс, хөрөнгө оруулалт татах, гадаадын банк ажиллахыг дэмжинэ. Зээлийн хүүг багасгахын тулд олон эх үүсвэр бий болгох, зээлийн мэдээллийн сан, харилцагчийн үнэлгээг боловсронгуй болгож, уян хатан бодлого баримталж ажиллахаа илэрхийлсэн.