Төрийн түшээ ч гэсэн "хүн". Бидэнтэй ижил тэгш эрхтэй. Тэд шагнуулах эрхтэй, гавьяа байгуулсан бол Төрийн тэргүүн цол, тэмдэг олгох нь ч чөлөөтэй. Энэ бол Ардчиллын зарчим. Бид хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, харилцан эрх тэгш амьдрах ёстой.
Ийм ч болохоор УИХ-ын гишүүд гавьяа шагнал авч буй бол бидэнтэй ижил олны өмнө нэр ус, алдар гавьяагаа дуудуулаад ёслол төгөлдөр авах нь зөв. Гэтэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдэд төрийн дээд, одон, медаль гардуулахдаа хэвлэлийнхнийг огт оруулсангүй. Албан ёсны мэдээлэл нь ч гараагүй байна. Ер нь бол олны өмнө ил тод зарласангүй. Ерөнхийдөө Үндэсний их баяр наадмын өмнө төрийн өндөр дээд, цол хэргэм хүртсэн энэ олны дундаас зөвхөн Төрийн түшээдийг ялгаж, онцгойлон нууц байдлаар төрийн дээд цол, одон медаль хүртээсэн нь бүх амьтан ижил тэгш эрхтэй. Харин “Гахай илүү тэгш эрхтэй” гэх Жорж Оруэллийн Амьтны ферм номын алдарт үгийг санагдуулж байна.
Тэгш эрх гэдгийг маш товчоор хэлэхэд шалгалт өгч буй хоёр хүнд хоёуланд нь ижил шалгалт, ижил хугацаа, ижил үнэлгээний шалгуур үйлчлэхийг хэлнэ. Харин манай төрийн түшээд өөрсдийгөө бусдаас илүү “онцгой” эрхтэй гэж боддог юм биш биз. Гишүүдийн дархан эрх гэж ойлголт бий. Гэхдээ энэ нь төрийн түшээд хувийн давуу эрх эдлэх тухай ойлголт биш бөгөөд ард түмний төлөөлөх үүргээ улс төрийн дарамт шахалт, хууль хүчний байгууллагын мөрдөн шалгалтаас ангид хэрэгжүүлэх хамгаалалт болох ёстой.
Тухайлбал, УИХ-ын гишүүн үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй. Энэ нь ард түмнийг төлөөлж сонгсогдсон гишүүн ямар нэгэн айдасгүйгээр байр сууриа илэрхийлэх боломжийг нь олгож буй хэрэг. Энэ мэтээр тухайн гишүүнийг хамгаалах гэхээс илүү ард түмний төлөөллийн байгууллагаар дамжуулан засаглах, ардчиллыг суурь зарчмыг хамгаалахад дархан эрх чухал. Харин өөрсдийгөө дархан эрхтэй төрийн түшээ хэмээн андуурч ард иргэдээ илүү эрх ямба, боломж эдлээд “Гахай илүү эрхтэй” болж байна гэсэн үг.
Шагнал авсан гишүүдийн нэрс:
- УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Гавьяат хуульч
- УИХ-ын дарга С.Бямбацогт: Гавьяат хуульч
- УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Гавьяат эдийн засагч
- УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Гавьяат эмч
- УИХ-ын гишүүн Д.Ганбат: Гавьяат хуульч
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Соёлын гавьяат зүтгэлтэн
- УИХ-ын гишүүн Х.Болормаа: Үйлчилгээний гавьяат ажилтан
- УИХ-ын гишүүн Т.Доржханд: Гавьяат эдийн засагч
- УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: Соёлын гавьяат зүтгэлтэн
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Сүхбаатарын одон
- УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Алтангадас
- УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- УИХ-ын гишүүн Ө.Шижир: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- УИХ-ын гишүүн Х.Жангабыл: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон