
|
Парламентын гишүүний ажлыг хэмжих хамгийн энгийн үзүүлэлт бол ирц. Ирц бол төлөөллийн хариуцлагын хамгийн доод босго. 2026 оны УИХ-ын Хаврын чуулганаар гишүүд энэхүү хариуцлагын хамгийн энгийн бөгөөд шалгуур багатай үзүүлэлтээ хэр зэрэг биелүүлснийг манай редакц анализ хийж харав. Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламент зөвхөн суудлын тоог өсгөөгүй. Төлөөлөл гэж юу болох, гишүүд хэний өмнө хэрхэн хариуцлага хүлээх вэ гэсэн хуучин асуултыг шинэ нөхцөлд тавьсан. |
||
|
Жагсаалтын 48 гишүүнээс нэг нь ч чуулганаа таслаагүй |
||
|
||
|
Ирцийн дата шинжилгээгээр 2026 оны хаврын чуулганы дундаж ирц өмнөх 3 чуулганы дунджаас нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна. Задалж харвал, жагсаалтын гишүүдийн ирц дунджаар 90.4 хувь, тойргоос сонгогдсон гишүүдийнх 87.3 хувь байв. ℹ️Энд “албан ёсны ирц” гэдэгт танхимд сууснаас гадна орон нутаг болон гадаадад албан томилолтоор ажилласан тохиолдлыг оруулсан. Харин чөлөө, таслалтыг ирцэд тооцоогүй. |
||
|
||
|
Намын харьяаллаар харвал ирцийн үзүүлэлтэд бараг ялгаа байхгүй байна. ✅Жагсаалтаар сонгогдсон 48 гишүүнээс нэг нь ч чуулганы нэгдсэн хуралдаан таслаагүй. Харин тойргоос сонгогдсон 78 гишүүний 10 нь давхардсан тоогоор нийт 37 удаа тасалжээ. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, А.Ганбаатар, Т.Аубакир, Х.Баттулга, Ж.Батсуурь, Л.Оюун-Эрдэнэ нарын төрийн өндөр албан тушаал давхар хашиж байсан зарим хүн таслалтаараа тэргүүлжээ. |
||
|
||
|
Хууль гишүүдийг цагтаа суухыг шаарддаг |
||
|
Парламентын хуралдаан бол олонх ба цөөнх байр сууриа илэрхийлэх, хууль санаачлагч үндэслэлээ хамгаалах, гишүүд асуулт асуух, засвар санал болгох, олон нийт хэн ямар байр суурьтай байдгийг хардаг ардчилсан талбар. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.1-д гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцно. 7.2-т гишүүн хуралдаан эхлэхээс өмнө суудлаа эзэлсэн байхыг шууд шаарджээ. ⏰Иймээс хоцролт бол жижиг техникийн асуудал биш. |
||
|
Манай шинжилгээгээр жагсаалтын гишүүдийн ирц өндөр байсан ч хоцролтын хувь 17.1, тойргийн гишүүдийнх 15.2 хувь байв. Жагсаалтын гишүүд хурал таслаагүй байж болох ч цаг баримтлалын хувьд тойргийн гишүүдээс илүү сайн байсангүй. Жагсаалтын гишүүдийн 25 хувь нь нийт 35 чуулганы 1/3-д хоцорсон нь өндөр үзүүлэлт юм. |
||
|
||
|
Чуулганы дэгийн тухай хуульд гишүүн ирцдээ хурууны хээгээр идэвхэждэг цахим систем ашиглан бүртгүүлэхээр заасан. Хуралдаан даргалагч ирсэн гишүүн, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гишүүн ба түүний үндэслэл, тасалсан гишүүнийг дарааллаар нь танилцуулах ёстой. Мөн хуралдааны тэмдэглэлд ирцийн тоо, хувь, ирээгүй гишүүний нэр болон томилолт, хоцролт, чөлөө, өвчин, таслалт зэрэг шалтгааныг тусгахаар хуульчилжээ. ❗Гэвч чуулганы хуралдааны тэмдэглэлтээс хоцролт, таслалтын шалтгааныг олж харах боломжгүй байна. |
||
|
||
|
Ирцийн бүртгэл бол сонгогч ба төлөөлөгчийн хооронд байгуулсан ардчилсан гэрээний хэрэгжилтийг харах хамгийн энгийн шалгалт. Харин 126 гишүүн хуралдаа ирсэн нь хангалттай юу гэдэг асуултын жинхэнэ хариултыг ирцийн тоонд бус, тэд хэнийг, ямар байр суурьтайгаар, хэр үр дүнтэй төлөөлж байгаа вэ? Үүнийг иргэд бодитоор үнэлэхийн тулд парламентын ил тод байдал, мэдээллийн хүртээмж илүү нарийвчлалтай, ойлгомжтой, хянах боломжтой болох шаардлагатай байна. |