Парламент нээлттэй байх нь хангалттай юу?
2026-07-22

Иргэддээ нээлттэй, ил тод боллоо гэх агуулга энэ удаагийн хаврын чуулганы гол онцлог байлаа. Тодруулбал, нэгдсэн чуулганы хуралдааны ирцийг олон нийт шууд буюу бодит цагийн горимоор харах боломжтой болсон нь нэг дэвшил байв. Мөн Parliament.mn цахим сайтыг шинэчилж, чуулган болон байнгын хорооны хуралдааны мэдээллийг ил тод байршуулахын зэрэгцээ И-Монголиа системд “Нээлттэй парламент” цэсийг шинээр нэвтрүүлсэн. Ийм учраас хуралдаандаа суудаггүй гишүүдтэй ямар хариуцлага ярих нь иргэн таны мэдэлд очлоо. Энэ бол иргэндээ ээлтэй, нээлттэй парламентын сайн эхлэл гэж УИХ-ын дарга С.Бямбацогт хаврын чуулганыг хаах үеэрээ онцолсон. Мэдээж иргэдийн хувьд өөрийн төлөөлөл болгож сонгосон төрийн түшээгээ хөндлөнгөөс хянаж, ирц, оролцоог нь ил тодоор харна гэдэг сайн хэрэг. ❓Гэвч “ямар хариуцлага ярих нь иргэн таны мэдэлд очлоо” гэх нь арай хэтрүүлсэн үг болов уу! Учир нь ил тод байдлыг хангахад ахиц гарч байгаа ч энэ нь хуулийн дагуу угаас ил тод байх ёстой мэдээлэл юм.

Товчхондоо гайхамшигт амжилт биш, хийх ёстой л ажлаа оройтож хийж байгаа нь энэ. Гишүүдийн ирц, хуралдааны товоо ил болгоод, үүнийгээ бахдам амжилт гэж зарлаж байгаа нь манай парламент хэчнээн хаалттай, хоцрогдсон байгаагийн нотолгоо.

⚠️Хуралдаандаа суудаггүй, ирц оролцоо муутай, тэр ч бүү хэл ил цагаан ёс зүйн зөрчил гаргадаг гишүүдтэй ямар хариуцлага тооцохыг сонгосон иргэд нь бүү хэл, төрийн эрх барих дээд байгууллага парламент нь өөрөө шийдлээ олж чадсангүй. Ес зүйн дэд хороо зэрэг парламентын дотоод механизм үр дүнтэй ажиллаж чадахгүй байна. Ийм шалтгаанаар парламентын үйл ажиллагаанд оролцох ёсгүй инстиутуцүүд ёс зүйн зохицуулалт хийх оролдлого гаргах болов. Энэ нь өнөөгийн парламентын хариуцлагагүй байдал нь парламентын бие даасан байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг тодорхой харуулж байна.

Хаврын чуулганы хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох хуулийн төсөл санаачилсан нь шүүмжлэл дагуулсан тул батлагдаж чадаагүй царцсан. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын их хурлын тухай болон дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ёс зүйн зөрчил гаргасан гишүүдэд хариуцлага тооцох төсөл өргөн барьсан ч батлагдаагүй байна. Ийм нөхцөлд иргэд төрийн түшээтэй шууд хариуцлага ярина гэдэг юу л бол. Харин бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа сонгох эсэхээ шийдэх л эрх одоохондоо байна.

Ил тод, нээлттэй байна гэдэг нь сайн хэрэг. Харин ил тод байлаа ч гэсэн хариуцлага ярьж чадахгүй энэ хэвээр байвал юу өөрчлөгдөх вэ?

Сэтгэгдэл