
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын төсөл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаар өгсөн 24 үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэхэд хэрэгжилт 74.2 хувьтай байгааг танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд license.mn зөвшөөрлийн цахим системээр худалдаа, үйлчилгээний 10 төрлийн 100 бизнесийн бүртгэлийг нэгдсэн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, 2026 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт 1,196 мэдэгдлийг шийдвэрлэсэн байна. Ногоон нуур орчмын орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 422,510 ам метр талбайг цэвэрлэж, 231 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн, 12,320 урт метр үерийн далан, суваг шуудуу, инженерийн байгууламжийг цэвэрлэж, 53 тонн лаг, хог хаягдлыг зайлуулжээ.

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан 2026 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд нийт 622 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 566 нь барилга угсралтын ажил бөгөөд 395 нь он дамжин хэрэгжиж буй төсөл юм. Харин 2026 онд шинээр 171 төсөл хэрэгжиж байна. Үүнд 141 барилга байгууламж, 68 тохижилтын ажил, 13 гэрэлтүүлгийн ажил, гэр хорооллын төлөвлөлтийн 24 ажил багтаж байна. Мөн газрын маргаантай долоо, шүүхийн маргаантай 16, нэмэлт хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай 36 төсөл байгааг тэрбээр танилцуулгадаа онцоллоо.

Үүний дараа Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Шинэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдийн тоо буурч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо өсөх төлөвтэй байна. Боловсролын салбарт нийт 1,168.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ онд 20 сургууль (12,300 суудал), 23 цэцэрлэг (4,030 ор), долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (1,960 хүүхдийн хүчин чадалтай), хоёр спорт заалыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэхүү төсөл нь "Гэрт ойрхон сургууль – Сайн сургууль" концепцийг хэрэгжүүлэх, анги, бүлгийн ачааллыг бууруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхээр байгааг онцлов.

Өнөөдрийн шуурхайн зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцуулж, нийт гүйцэтгэл 60 орчим хувьтай байгааг мэдээлэв.
Тодруулбал, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн найман ажил бүрэн дуусаж, нийт ажлын гүйцэтгэл 62.5 хувь, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажил 97.1 хувь, Ус сувгийн удирдах газрын ажил 68 хувь, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ажил 35.3 хувь, авто замын төсөл, арга хэмжээний хэрэгжилт 58 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.
Эх сурвалж: НЗДТГ