
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслөө өргөн бариад 500 хоног хүлээсэн ч хэлэлцүүлж чадаагүй. Хэлэлцэх эсэхийг нь ч шийдэлгүй Хаврын чуулган өндөрлөсөн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Учрал Хууль бус хөрөнгө хураах хуулийг есдүгээр сарын нэгэнд багтааж УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайханд өглөө. Өөрөөр хэлбэл, О.Алтангэрэл гишүүний өргөн барьсан төслийг хэлэлцээгүй хэрнээ Засгийн газар шинээр өргөн барьж батлуулахаар төлөвлөж байна. Ийнхүү бусдын өргөн барьсан хуулийн төслийг Засгийн газраас дахин өргөн барьж, зарим төслийг нь нэгтгэн хэлэлцэх нэрээр хуулийн төслийн, агуулга үзэл санааг нь хулгайлах аргад Н.Учралын Засгийн газар гаршиж буй бололтой.
Харин өнөөдөр энэ буруу жишиг Хөрөнгө хураах хуулиар үргэлжлэх нь тодорхой болж байна. УИХ-ын гишүүний өргөн барьсан төслийг Засгийн газар судалж үзээд өөрийн хувилбарыг боловсруулан өргөн барих нь хууль зөрчсөн үйлдэл биш ч гэлээ ийм үйл явдал удаа дараа давтагдах нь хууль тогтоох үйл явцын зарчимд сөргөөр нөлөөлж, тэгш бус байдал үүсгэж байна. Учир нь хэн нэгэн УИХ-ын гишүүн болон Засгийн газар нь хууль санаачлагчын хувьд ижил тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл Засгийн газрын төсөл гэрлийн хурдаар дэмжигдээд, хувь гишүүний төсөл хэлэлцэгдэхгүй хэдэн жил дамнан гацаж эхэлбэл, парламентын бие даасан байдал, хууль санаачлах эрхийн бодит хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.