Эдийн засаг тэлж, амьдрах өртөг нэмэгдэв
2026-07-25

Монголын эдийн засаг энэ оны эхний хагас жилд хоёр өөр түүх ярилаа. Экспорт 58 хувиар өсөж, гадаад худалдаа 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Харин хүнсний үнэ 24.8 хувиар нэмэгдэв. Макро тайланд эдийн засаг тэлсэн ч өрхийн хэтэвч нимгэрснийг кассын баримтууд харуулна. Дэлгүүрт хүнс, шатахуун түгээх станцад бензин, сарын хэрэглээний төлбөр дээр цахилгааны үнэ нэмэгдэв. Өсөлт бүрийг тусад нь харахад бага санагдаж болно. Харин энэ бүхнийг айл өрхүүд нэг л хэтэвчнээс төлдөг. Үнийн дарамт энд мөндөр шиг нүдэж байна.

Засгийн газрын тэргүүн Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдохдоо түлш, шатахууны үнэ, түүхий эдийн савлагаа, төсвийн орлогын тасалдал, дотоодын гацааг Засгийн газрын өмнө тулгарсан гол эрсдэл гэж нэрлэж байв. Тэгэхээр үнийн өсөлт гэнэтийн зүйл биш. Засгийн газар юу ирж байгааг мэдэж байсан. Гэвч дөрвөн сар орчмын дараа Засгийн газар инфляцыг өрхийн хэтэвчийг ниймгэлэхээс нь өмнө сааруулах арга хэмжээ авсангүй. Үнэ нэмэгдсэний хойноос тайлбар хийсээр байна.

Хүнсний лангуун дээрх инфляц 24.8 хувь хүрэв

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны зургаадугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12 хувиар өсөв. Улаанбаатарт инфляц 12.3 хувь хүрчээ. Гэхдээ энэ үзүүлэлт амьдралын бодит дарамтыг бүрэн харуулахгүй.

Хүнсний үнэ жилийн дотор 24.8 хувиар нэмэгдсэн байна. Нийт инфляцын 12 нэгж хувийн 6.8 нэгж хувь буюу 56.4 хувийг хүнсний өсөлт дангаараа бүрдүүлжээ. Мах, махан бүтээгдэхүүний үнэ бүр 50-иас дээш хувиар өссөн байна. Ингэснээр Монгол Улс хүнсний инфляц хамгийн өндөртэй дэлхийн 10 оронтой эн зэрэгцэв. Энэ жагсаалтыг Венесуэл, Иран, Турк, Аргентин зэрэг валют, нийлүүлэлт, төсөв, институцийн давхар хүндрэлтэй орнууд тэргүүлдэг. Монгол Улс энэ “клубт элссэн” нь товчхондоо манай бодлогын бүтэлгүйтэл юм.

Орлого багатай өрхүүд хэрэглээнийхээ нэлээд их хувийг хүнсэнд зарцуулдаг. Тиймээс хүнсний инфляц өндөр байх нь хамгийн эмзэг хэсгийн амьжиргаанд хамгийн түрүүнд илүү хүчтэй тусдаг.

Инфляцаас анхаарал татсан бас нэг чухал зүйл бол барааны үнэ 12.9, үйлчилгээний үнэ 9.6 хувиар өсжээ. Одоогоор барааны үнэ инфляцыг хөтөлж байгаа ч шатахуун, цахилгаан, дулааны нэмэгдэл нь тээвэр, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний зардалд  удахгүй шингэнэ. Өнөөдрийн барааны инфляц маргаашийн үйлчилгээний инфляц болох эрсдэлтэй.

Монголын эдийн засгийг махны үнэ тайлбарлаж байна

Монголд өнгөрсөн нэг жилд хамгийн ашигтай “хөрөнгө” нь хувьцаа, бонд, хадгаламжийн аль нь ч байсангүй. Мах байлаа. Хувьцаа, бонд, хадгаламжийн өгөөж 20 хувьд хүрэхгүй байхад 1212.mn-ийн үнийн мэдээллээр үхэр, хонь, ямааны махны үнэ жилийн дотор ойролцоогоор 74 хүртэл хувиар өсжээ. Харамсалтай нь өрхүүд махыг өгөөж хүртэхийн тулд бус, хоол хийхийн тулд худалдаж авдаг.

Улирлын нөлөө Монголд шинэ зүйл биш. Хавар малын тарга тэвээрэг муудаж, зах зээлд нийлүүлэх мах багасдаг. Харин намар нийлүүлэлт нэмэгдэж, үнэ харьцангуй тогтворждог. Байгаль цаг агаараас хамааралтай байх нь Монголын онцлог байж болох ч өдий хүртэл тэр хамаарлыг бууруулахгүй явж ирсэн нь төрийн эдийн засагт бүтээсэн эмзэг байдал юм. Мах бэлтгэл, хөргөлтийн агуулах, тээвэр, малын эрүүл мэнд, нөөцийн удирдлага, бөөний худалдааны өрсөлдөөн, үнийн ил тод байдалд олон жилийн турш хангалттай хөрөнгө оруулж, зөв удирдаагүй. Магадгүй тэгэх сонирхол байгаагүй ч байж мэднэ. Ямартай ч малын тоогоор дэлхийд дээгүүрт ордог улс иргэддээ тогтвортой үнээр мах нийлүүлж чадахгүй байгаа нь дотоодын хэрэгцээгээ ч хангаж чадахааргүй болтлоо төрийн бодлого бүтэлгүйтжээ гэсэн үг.

Махтай адил нийлүүлэлтийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа салбар бол эрчим хүч. Хэдий энэ салбарын санхүүгийн алдагдал бодит ч гэлээ үнэ нэмлээ гээд реформ болж чадахгүй. 2026 оны зургаадугаар сарын 5-наас айл өрхийн цахилгааны тарифыг 5, аж ахуйн нэгжийнхийг 10, уул уурхайн компаниудынхыг 15 хувиар нэмсэн. Дундаж хэрэглээтэй өрхийн цахилгааны төлбөр сард 2500 орчим, халаалтын улиралд дулааны төлбөр 2300 орчим төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Харин энэ нэмэгдэлтэй зэрэгцээд салбарын техникийн болон арилжааны алдагдал хэдэн хувиар буурах, бүтээмж хэрхэн нэмэгдэх, төрийн өмчит компаниудын засаглал яаж сайжрах, худалдан авалтын зардал хэрхэн хэмнэгдэх талаар хэмжиж болох зорилт олон нийтэд харагдсангүй. Эрчим хүчний үр ашиг, бүтээмж нь нэмэгдээгүй байхад тариф нэмэх нь алдагдлыг арилгахгүй. Зөвхөн алдагдлыг санхүүжүүлж байгаа эх үүсвэрийг л солино.

Шатахууны хувьд ч ялгаагүй. Монгол Улс нийлүүлэлтийнхээ дийлэнхийг нэг улсаас хамааруулсан хэвээр атлаа үнэ өсөх бүрд татвар, татаас, хэлэлцээр гэсэн түр арга хэмжээ рүү буцдаг. Нөөц бүрдүүлэх, нийлүүлэгчээ төрөлжүүлэх, тээврийн өөр маршрут нээх, үнийн эрсдэлийг урьдчилан удирдах тогтолцоо нь бодит байдал дээр улс төрийн мэдэгдлээс цааш ахихгүй байгааг наадмын амралтаар нэмэгдсэн бензины үнэ хангалттай тайлбар боллоо. Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалт ч бухын доодохыг харж үнэг турж үхэв гэгчийн үлгэр болж буй. Өмнөх Засгийн газруудын жишгийг харвал шатахууны жижиглэнгийн үнийг дор хаяж гурван жил тогтмол барьдаг байв. Харин энэ удаад АИ-92 автобензины жижиглэнгийн үнэ литр тутам нь 2590 төгрөг дээр ердөө ганц жил л тогтов. Бензиний үнийг хүчээр тогтоон барь гэж хэлэхгүй. Гэхдээ үнийг зах зээлд даатгасан бол нийлүүлэлтийн эрсдэлийг төр удирдах үүргээсээ чөлөөлөгдөхгүй.

Эдийн засагч Д.Ган-Очир болон хамтран судлаачдын 2009–2023 оны инфляцын задаргаанд хийсэн шинжилгээгээр Монголын инфляцын 60 орчим хувь нь нийлүүлэлтийн гаралтай, түүний ихэнх нь түр хугацааны шокоор тайлбарлагддаг байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк бодлогын хүүг өгсгөлөө гээд махны нийлүүлэлт нэмэгдэхгүй, төгрөгийн эрэлтийг хумилаа гээд ганц эх үүсвэрттээй шатахууны асуудлыг шийдэж, эрчим хүчний алдагдлыг бууруулж чадахгүй.

Өрхийн төсвийг ховх сорж буй инфляц төсөв, логистик, хөдөө аж ахуй, эрчим хүч, өрсөлдөөн болон төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулах гээд гүйцэтгэх засаглалын институтийн шийдэх ёстой асуудал юм. Инфляцын улирлын хамаарлыг бууруулах агуулах, хөргөлтийн сүлжээ, тээвэр, боловсруулах үйлдвэрлэл, мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх ажлыг Засгийн газар л хийнэ. Засгийн газрыг цаг агаарыг удирд гээгүй. Харин цаг агаараас хамаарах хамаарлыг бууруулаад аль ээ гэж буй хэрэг.

2027 оны төсөв инфляцыг зөөлрүүлж чадах уу?

2026 оны эхний хагас жилийн макро эдийн засгийн тоонууд өнгөц харахад муугүй.

  • Экспорт 10.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өсөв.
  • Гадаад худалдааны ашиг 4.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс дөрөв дахин нэмэгдэв.
  • Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 55.9 хувиар, уул уурхай, олборлолт 68.2 хувиар өсжээ.
  • Мөнгөний нийлүүлэлт 26.6 хувиар, зээлийн өрийн үлдэгдэл 15.9 хувиар нэмэгдсэн байна.
  • 2026 оны эхний улиралд эдийн засаг найман хувиар өсжээ.

Гэвч сайн мэдээ энд хүрээд дуусна.

Харин төсвийн зарлага 20 хувиар нэмэгдэж, алдагдал ₮2.14 их наяд хүрчээ. Дундаж цалин 11.9 хувиар өссөн ч бодит өсөлт нь ердөө 4.5 хувь байв. Инфляц өрхийн орлогын нэмэгдлийн нэлээд хэсгийг залгиж байна.

Монголын эдийн засаг өсөж буй ч энэ өсөлт айл өрхийн амьдралд төдийлөн хүрэхгүй байна. Тиймээс 2027 оны төсөвт инфляцыг ерөнхий зорилго болгон бичихээс илүү үнэ өсгөж буй шалтгаануудыг шийдвэрлэхэд мөнгө зарцуулах хэрэгтэй. Мах, хүнсний ногооны агуулах, хөргөлт, тээвэр, боловсруулах үйлдвэрийг сайжруулбал улирлын хомсдол багасна. Шатахууны нөөц, нийлүүлэгч, тээврийн замыг төрөлжүүлбэл үнэ нэмэгдэх бүрд түр арга хэмжээ авах шаардлага буурна. Эрчим хүчний тарифыг нэмж буй бол салбарын алдагдал, зардлыг ч нь хамт бууруулах ажлууд хийгдэх учиртай. Тарифын өсөлтийг бүтээмж, хэмнэлт, үйлчилгээний чанартай холбохгүй бол хэрэглэгчид алдагдлыг л үргэлжлүүлэн төлсөөр л байхыг Засгийн газар анзаарахгүй орхиж болохгүй.

Мөн төсвийн урсгал зардлаа танах нь эрэлтийн гаралтай инфляцыг зөөлрүүлэхэд чухал нөлөөтэй. Засгийн газар төсвөөс хэт их мөнгө эдийн засагт оруулах тусам бараа, үйлчилгээний эрэлт нэмэгдэж, үнэ өсөх дарамт болдог. Эдийн засгийн өсөлтийг зөвхөн экспорт, уул уурхайн орлогоор хэмжих нь хангалтгүй. Иргэд орлогоороо хүнсээ авч, гэрээ дулаацуулж, ажилдаа явж чадаж байна уу гэдэг нь илүү бодит хэмжүүр.

Чөлөөт зах зээлд төр бүх үнийг тогтоох боломжгүй. Харин нийлүүлэлтийн гацааг арилгаж, үнийн өсөлт өрхийн төсөвт хүнд дарамт болохоос сэргийлэх нь Засгийн газрын хийх ажил юм. Засгийн газар ажлаа хий! 

 
Сэтгэгдэл