
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг 2026 оны наймдугаар сарын нэгнээс мөрдөж эхэлнэ.
СУУДЛЫН АВТОМАШИНЫ ТӨЛБӨР 5000, АЧААНЫ АВТОМАШИНЫХ 20 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО
Энэхүү шинэчилсэн тарифаар суудлын автомашины автозам ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөс 5000 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10.000-аас 20 мянган төгрөг төгрөг болгон шинэчилэн тогтоосон байна. Ингэснээр тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалан төлбөрийн хэмжээ өмнөхөөс 2-5 дахин нэмэгдэж байна.
Хэрэв та орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг бол бол урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгийг мэдээллээ.
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМЫН СҮЛЖЭЭ ӨРГӨЖСӨН Ч ЗАСВАР АРЧЛАЛТЫН САНХҮҮЖИЛТ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 111,916.7 км авто зам байгаагаас олон улс болон улсын чанартай 7,956.8 км нь хатуу хучилттай зам байна. Өнөөдөр 21 аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, 100 гаруй сум болон хилийн таван боомт улсын авто замын сүлжээнд холбогдоод байна. Мөн жил ирэх тусам авто замын сүлжээ болон автомашины тоо өсөн нэмэгдэж байгаа хэдий ч замын ашиглалт, засвар арчлалтад шаардагдах санхүүжилт бодит хэрэгцээнээс үлэмж дутмаг байгааг салбарынхан онцоллоо.
Хөрөнгө оруулалт, шаардлагтай төсөв санхүүжилт хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан замын ээлжит засварыг хугацаанд нь хийж чадахгүй, улмаар эвдрэл нь их засвар шаарддаг түвшинд хүрэх, засварын зардал улам нэмэгдэх, замын чанар муудах, зам тээврийн ослын эрсдэл өсөх нөхцөл бүрдэж байгааг албаныхан онцоллоо. Мөн автозамын барилгын материал, битум, шатахуун тосны үнэ жил ирэх тусам өсөж байгаагаас шалтгаалан авто замын засвар, арчлалтын компаниуд техникийн шинэчлэл хийх боломжгүй, ажилчдынхаа цалин хөлсийг цаг хугацаанд нь олгож чадахгүй, автозамын урсгал засваруудыг бүрэн гүйцэтгэхэд хүндрэлтэй болсныг АЗЗА нэгтгэлийн удирдлага танилцууллаа.
ТӨЛБӨРИЙН НЭМЭГДЛИЙГ ЗӨВХӨН ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТАД ЗАРЦУУЛЖ, ОРЛОГО ТӨВЛӨРӨЛТИЙГ ИЛ ТОД БОЛГОНО
Иймээс улсын төсвийн ачааллыг бууруулж, автозамын засвар, арчлалтын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоож, нэмэгдсэн орлогыг зөвхөн замын засвар, арчлалтад зориулан зарцуулахаар шийдвэрлэснийг Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, ахлах мэргэжилтэн Д.Оюунбилэг, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд, “Авто замын засвар, арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярдорж нар мэдээллийн үеэр онцоллоо.
АВТОЗАМЫНТӨЛБӨРИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД БҮРЭН ЦАХИМААР АВНА
Энэ оноос эхлэн улсын хэмжээнд байрлах 33 төлбөр авах цэгийг бүрэн цахим системд шилжүүлж, авто зам ашигласны төлбөрийг автомат хэлбэрээр авч эхэлсэн талаар мөн мэдээлж байна. Автозамын тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ашиглаж буй тээврийн хэрэгсэл, түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журмын дагуу түргэн тусламж, гал түймэр унтраах, онцгой байдал, төрийн шуурхай ажиллагааны зориулалттай тээврийн хэрэгслүүд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө гэв.
”ЦАГААН ЖАГСААЛТ”-Д БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙГ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн алслагдсан бүсэд амьдардаг иргэд буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо (Эмээлт), Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо (Өлзийт), Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд “E-Mongolia” системээр дамжуулан “Авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт” гаргаж, “Цагаан жагсаалт”-д бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой гэдгийг танилцууллаа. Уг жагсаалтад бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр нэвтрэхэд систем автоматаар таньж, хаалт шууд нээгдэнэ.

Харин орон нутгийн замаар зорчсон тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр автозам ашигласны төлбөр цахимаар илгээгдэнэ. Та энэхүү төлбөрийг тухайн ондоо багтаан өөрийн боломжид тохируулан хэсэгчлэн хуваан төлөх боломжтой. Хэрэв таны зам ашигласны төлбөр 20 болон түүнээс дээш удаа хуримтлагдсан тохиолдолд постын автомат хаалт нээгдэхгүй, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд зорчих боломжтой гэдгийг анхаарууллаа.
2026 ОНЫ ЭХНИЙ 6 САРЫН БАЙДЛААР 13.7 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ТӨЛӨГДӨӨГҮЙ БАЙНА
Төлбөр авах цэгүүдийг 2022 оноос үе шаттай цахимжуулж эхэлсэн бөгөөд 2022 онд цахим 5 төлбөр авах цэгээр 1,6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 1,2 тэрбум төгрөг төлөглөж 400 орчим сая төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна.
Өнөөдрийн байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл дээр 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй байна. Үүн дотор 500-1 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй 2183, 1 сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн, аж ахуй нэгж байна. Иймээс иргэд урьдчилан төлбөрийн үлдэгдлээ шалгаж, боломжтой хэмжээгээрээ хэсэгчлэн төлж барагдуулахыг ЗТЯ-ны Автозамын Бодлогын хэрэгжилтийг хангах газар, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас зөвлөлөө.