
Манай гол нийлүүлэгч ОХУ-ын шатахууны үйлдвэрүүд халдлагад өртсөн учраас нөөцөө хангахын тулд хэрэглээнээс халаад байсан евро-2, евро-3 төрлийн түлшээ хэрэглэж эхэлсэн. Мөн Энэтхэг, Беларусаас шатахуун импортлохын зэрэгцээ Казахстанаас ч шатахуун авах хүсэлтээ илэрхийлсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Харин бид яах вэ? Одоогоор ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, хэвийн үргэлжилж байна. Гэвч дээрх нөхцөл байдал болон одоо үүсээд буй нөхцөл байдлаас харахад цаашид юу болохыг таамаглахад бэрх. Монгол Улсын хэмжээнд АИ-92 автобензин 37 мянган тонн буюу 15 хоног, дизель түлш 91 мянган тонн буюу 20 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. Ард иргэдэд уриалахад ердийн хэрэглээний журмаараа аваад явбал хомсдол үүсэхгүй гэж Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлсэн. Учир нь наадмын үеэр бид ердийн хэрэглээний журам зөрчсөн болж таарав. Тодруулбал, АМГТГ-ын дарга П.Баянбаатар “Долоодугаар сард нийт дөрвөн сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахуун хэрэглэсэн учраас хомсдол үүссэн” гэв. Гэхдээ нэг зүйл их гайхшруулав. Наадмын өмнө 30 хоногийн нөөцтэй гэсэн хэрнээ, наадмын дараа дөрвөн сарын нөөц хэрэглэчихлээ гэсэн нь эрүүл ухаантай ойлгоход бэрх тооцоолол аж.
Агуулах, савны хүрэлцээ хангалтгүй байгаа учраас шатахууны нийлүүлэлт сар бүр тасралтгүй үргэлжлэх ёстой. Нэг л тасалдал үүсэхэд бүх үйлдвэр, үйлчилгээ зогсох эрсдэлтэй. Ийм учраас нэг улсын хараат байдлаас даруйхан гарч, олон эх үүсвэрээс шатахуун нийлүүлэх боломж, бүрдүүлэх зайлшгүй даалгавар Засгийн газрны өмнө ирээд байна. Одоогоор БНСУ-аас онгоцны түлш авахаар тохирсон. Мөн БНХАУ-аас 6,000 тонн АИ-92, АИ-95 автобензин авахаар хэлцэл хийж байна гэж холбогдох албаныхан мэдээллээ.