Мал аж ахуйг хөгжүүлэх төслийг 30 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ
2022-03-22

        УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн төсөл/-ийн төслийн талаар хэлэлцлээ. Уг хэлэлцээрийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх нь” төслийг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх аж. Засгийн газраас уг асуудлыг УИХ-тай зөвшилцөх зорилгоор төслийн талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

         Төслийг ХХААХҮЯ хариуцах бөгөөд Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хил залгаа 20 суманд 2021-2027 онд хэрэгжүүлэх юм байна. Уур амьсгалыг тэсвэрлэх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх, менежментийг нь сайжруулах, нэмүү өртгийн сүлжээ бэхжүүлэх ажлыг төслийн хүрээнд хийх гэнэ. Тодруулбал, 11 660 малчныг хамарсан бэлчээр ашиглах 466 гэрээ байгуулж, мөн тооны малчдын бүлгийг бий болгон, бэлчээрийн менежмент, нөөцийн хэмжээг сайжруулах аж. Түүнчлэн малчдад зориулан малын 14 000 хашаа, хороог сайжруулж, 382 худаг барин, ус ашиглах 466 гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна хадлан бэлтгэх, тэжээл хадгалах ажлыг дэмжих зорилгоор малчдын 466 бүлгийн малыг тэжээх, 54 мал эмнэлгийн чадавх болон 11 660 малын эрүүл мэндийг сайжруулах, хонь, ямааны 20 орчим цөм сүрэг байгуулах, хурга бордох 20 тэжээлийн хэсэг бий болгох, ноолуур ангилах 20 байгууламж босгох зорилгоор тус зээлийг авах юм байна.

         2028 он гэхэд төсөлд хамрагдсан 11 660 малчны орлого нэмэгдсэн байх ба 4.78 сая га, өндөр бүтээмж бүхий бэлчээрийг ашиглах боломж бүрдэх гэнэ.

Төсөл хэрэгжүүлэх талбайд дараах сумд багтжээ. Үүнд

  • Булган аймгийн Хишиг-Өндөр, Гурванбулаг, Могод, Сайхан
  • Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт, Өгийннуур, Хашаат
  • Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Нарийнтээл, Тарагт, Хайрхандулаан
  • Баянхонгор аймгийн Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт, Жинст, Богд

30 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэх дээрх төслийн зардлын задаргааг харна уу.

          Байнгын хорооны гишүүд төслийн талаар ажлын хэсгийнхэнд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.

Г.Тэмүүлэн: Төслийн төсөвт өртөг нь 34.5 сая ам.доллар. АХБ-наас үүний 30 сая ам.доларыг нь зээлээр олгох нь. Олон улсын байгууллагуудаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьдаг уу. Хөтөлбөрүүд үр дүнтэй байгаа, эсэхэд үнэлэлт дүгнэлт гаргасан уу. Төслийн хүрээнд малчдад зориулан 14 мянган малын хашаа хороог сайжруулна гэсэн байна. 382 худаг барих, сэргээн засварлах ажил хийх нь. Малчдын хашаа хороог гадаадын зээлийн мөнгөөр сайжруулах шаардлага байна уу. Иргэд өөрсдийнхөө ажил үүрэг, хэрэгцээнийхээ хүрээнд үүнийгээ хийдэггүй билүү. Төслийн хүрээнд хийх ажлыг өөрчлөх боломжтой бол малын эрүүл мэндийг сайжруулах ажлыг хиймээр байна. Төсөл хэрэгжүүлэх аймаг, сумыг ямар шалгуураар сонгосон бэ.

Б.Сүх-Очир (Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга): 2022 онд зээлийн 120, тусламжийн 31 төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс 45-ыг нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас жил бүр аудит хийдэг. Мөн санхүүжүүлэгч талаас улирал бүр хяналт тавьж, Засгийн газар, яамдуудтай санал болилцон, цаашид авах арга хэмжээгээ тохиролцдог.  

З.Мэндсайхан (ХХААХҮ-ийн сайд): 2018 оноос судалгаа хийж, тухайн дөрвөн аймгийн хил залгаа 20 сумыг сонгож авсан. Тухайн сумдын малын өсөлт, бэлчээрийн даац нь бусад аймагтай харьцуулахад (Хөвсгөл уг үзүүлэлтээр ойролцоо) хамгийн өндөр учир тэдгээрийг сонгосон. АХБ-ны санхүүжилттэй уг төслийн дотоод бүтцийг өөрчлөх боломжгүй. 14 000 малын хашаа хороог сайжруулна гэдэг нь өвөлжилтийн эрсдэлийг бууруулах замаар дэмжлэг үзүүлэх хэлбэрээр хийх тухай юм. Хашаа барьж өгөөд байх асуудал бол байхгүй. Мал эрүүлжүүлэх ажлыг төслийн хүрээнд хийх боломжгүй. Зөвхөн мал эмнэлгийн чадавхыг сайжруулна.

М.Тэмүүлэн: 2022 онд хэрэгжүүлэх зээлийн 120 төслийн нийт төсөвт өртөг нь хэдэн төгрөг бэ. Төсөл хөтөлбөрүүдэд хяналт шалгалт хийсэн байх. Хэр үр дүнтэй байна вэ. Малын хашаа хороог сайжруулна гээд үүн дээр биччихэж. Яг ямар хэлбэрээр сайжруулах юм бэ?

Б.Сүх-Очир: 2022 онд хэрэгжүүлэх зээлийн 120 төслийн энэ онд санхүүжүүлэх дүн нь 1.4 их наяд төгрөг. Төслүүдийн үр дүн харилцан адилгүй байгаа. Гэхдээ манай улсын урт хугацааны бодлогын баримт бичигтэй уялдсан, нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй төслийг хэрэгжүүлж эхэлдэг. Төслийн хэрэгжилт хангалтгүй байвал зогсоох боломжтой.

Д.Батмөнх (ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга): Малын хашааг хороог сайжруулах гэдэг нь малчдын өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулах хүрээнд дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Шинээр өвөлжөө хаваржаа байгуулахад нь зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх юм гэв.      

  

        Дараа нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг хэлэлцлээ. Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр нь томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгардаг бэрхшээлийг хөнгөвчлөх зорилгоор бэлтгэл ажлыг хангах, нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ, судалгааг боловсруулах, Засгийн газрын төсөл хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, шинэ технологи, стандарт, менежментийн арга барилыг нэвтрүүлэх зорилготой аж. Үүнийг Сангийн яам хариуцах бөгөөд 20 сая ам.доллароор 2022-2027 онд улсын хэмжээнд хэрэгжүүлэх гэнэ.

            Төслийн задаргаатай танилцана уу.

 

Сэтгэгдэл