ОХУ-аас шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг хүслээ
2026-07-31

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ОХУ-аас Монгол Улсад суугаа хэргийг түр хамаарагчаар томилогдсон Жуков Олег Игоревичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ОХУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Безруков Станислав Сергеевич болон Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторович нар оролцов.

Уулзалтаар Б.Дашпүрэв ОХУ-ын дотоодын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч гэсэн Монгол Улсад бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлж, 8 дугаар сарын захиалгыг баталгаажуулж өгсөн явдалд талархал илэрхийллээ. Харин өнөөдрийн Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан нөөц хэвийн болтол буюу 8 дугаар сарын эхний 10 хоногт ачилтыг тасралтгүй нэмэгдүүлэх тал дээр анхаарч өгөхийг Төрийн нарийн бичгийн дарга хүсэж, ОХУ-ын тал энэхүү хүсэлтийг хүлээн авч, онцгой анхааран ажиллахаа илэрхийлэв.

May be an image of one or more people, newsroom and text

Мөн 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнодын Эдийн засгийн XI чуулга уулзалт болон Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтуудад яамны зүгээс идэвх санаачилгатай оролцохоо мэдэгдэж, Монгол Улсад зохион байгуулагдах “Монголын Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд ОХУ-ын төлөөлөгчдийг өргөнөөр оролцуулах тал дээр яамны зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Сэтгэгдэл
Зохиолч Л.Пзрэвдорж2026-07-31 18:20103.212.118.161
Гэрээ хийчихсэн юм бол хүсэх биш шаардах ёстой юм биш үү? Хүсэж гуйгаад байвал өгөх албагүй шүү дээ.