
Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр (2026.07.31) Хэнтий аймагт ажиллаж байна.
Шадар сайд Н.Номтойбаяр аймаг, орон нутгуудад санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэгдүүлж, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлаа өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байх тогтолцоонд шилжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг тодотгов. Тэрбээр, 10 аймагт баригдаад зогсонги байдалд байгаа дулааны станцын асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ашиглалтад оруулах эсвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх гэх зэрэг аргачлалуудыг Засгийн газар тодорхойлон ажиллаж буйг дурдлаа.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр онцгой байдлын байгууллагууд зөвхөн улсын төсөв хүлээх бус хувийн хэвшилтэй хамтрах, өөрсдийн санхүүжилтээр техник, тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчилдэг байх эрх зүйн орчин бүрдэнэ гэлээ. Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслөөр орон нутгууд газар, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэргээр эдийн засгийн таатай орчныг хөрөнгө оруулагчдад бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэлүүдийг хөгжүүлнэ гэв. Түүнчлэн, мал тооллогын бодит байдлыг хангаж, малын тоо толгой, үүлдэр, ашиг шимийн онцлогийг нарийвчлан бүртгэсэн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, газар ашиглалт, бэлчээр, уул уурхайн ашиглалт, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийг бий болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, байгууллага хоорондын өр төлбөрийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.