
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний ажилд оролцож буй иргэд, байгаль хамгаалагчидтай уулзлаа.
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг 2026 оны 06 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж, нутгийн иргэд, сайн дурынхан зэрэг 1,000 гаруй хүн оролцож, 213 тонн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрүүлж, устгалд оруулсан байна.


Хоёрдугаар шатны цэвэрлэгээг 07 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмын үеэр аялал жуулчлалын хөдөлгөөн оргилдоо хүрсэн, аялагч жуулчид төвлөрдөг Ханх, Хатгал, Чандмань-Өндөр сумын нийт 376 км газар нутагт зохион байгуулж, нийт 88 тонн хог хаягдлыг төвлөрүүлээд байна.


Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны зохион байгуулагчид, аянд идэвхтэй оролцсон нийт иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд талархал илэрхийллээ. Монгол орны газрын гадаргын усны 75 орчим хувийг дангаар бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг хамгаалахад Ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулж, цогц арга хэмжээ хэрэгжүүлж байгааг тэмдэглэв. Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын судалгааны олон улсын төв байгуулж, нуурын усны чанар, экосистемийн тэнцвэрийг хадгалахад тулгамдаж буй асуудал, хүчин зүйлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тодорхойлох ажил эхэлснийг дурдлаа. Цаашид Хөвсгөл нуурыг тойрсон сумдын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон урт хугацааны төлөвлөгөөг судалгааны үр дүнтэй уялдуулан боловсруулж батлуулснаар газар ашиглалт, газар олголт, дэд бүтэц болон бүтээн байгуулалтын ажлын нэгдсэн төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ гэдгийг онцоллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал:
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны гуравдугаар шатны ажлыг төрийн тахилгын дараа буюу 08 дугаар сарын 03-09-ний өдрүүдэд Ханх, Хатгал сумдын нутагт зохион байгуулна.
