Монгол Улс: Газрын доройтлын “гол дүр”
2026-08-03

Монголд газрын доройтол гэдэг тайлангийн хуурай тоо төдий биш. Бэлчээр муудахад малын тарга хүч, малчны орлого, махны нийлүүлэлт дагаж буурна. Үнэ өсөж, амьжиргаа хумигдахад хөдөөнөөс хот руу чиглэх нүүдэл нэмэгдэнэ. Тиймээс газрын доройтол бол зөвхөн байгаль хамгааллын тухай биш, өрхийн төсөв, хүнсний аюулгүй байдал, ажлын байр, хотын ачаалал гээд нийгэм, эдийн засгийн том үр дагавартай асуудал.

Монгол Улс наймдугаар сарын 17–28-нд Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 чуулганыг “Газрыг сэргээх. Итгэл найдварыг сэргээх” уриан дор зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Дэлхийн газрын 40 хүртэлх хувь доройтож, хүн төрөлхтний бараг талынх нь амьжиргаанд нөлөөлөөд байна. Харин Монголын газар нутгийн 77 орчим хувь доройтжээ. Иймээс Монгол Улс уг арга хэмжээний тайз төдий биш, хэлэлцэх асуудлынх нь бодит жишээ – гол дүр юм.

Энэ жилийн COP17 нь Монголын санаачилсан “Олон улсын бэлчээр ба малчдын жил”-тэй давхцаж буйгаараа онцлог. Дэлхийн бэлчээрийн талаас илүү нь доройтсон байгаа бөгөөд 500 сая орчим хүний амьжиргаа үүнээс шууд хамаарч байна. Гэвч бэлчээр нь ой мод, намгархаг газартай харьцуулахад бодлого, хөрөнгө оруулалтаас хоцорсоор ирснийг COP17-н албан ёсны мэдээлэлд онцолжээ. Энэ хурал Монголд бэлчээрийг зөвхөн малын тоогоор бус, газрын даац, малчны орлого, усны нөөцтэй нь хамт харж, урт хугацааны бодлого болон хөрөнгө оруулалтаа зангидах боломж. Гэхдээ олон улсын хөрөнгө үр дүнтэй зарцуулагдах эсэх нь Монголын засаглалаас хамаарна. Тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүд бид хаана гацсаныг харуулж байна.

Sustainable Development Report 2026 тайланд Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээр 68.6 оноогоор 169 орноос 91-д оржээ. Бүс нутгийн дундаж 70.5 оноо. Манай үзүүлэлт 2015 оноос хойш 6.3 нэгжээр сайжирсан ч хамаарах 16 зорилгын есийнх нь ахиц зогсож, уур амьсгалын зорилго бүр ч ухарчээ. Ядуурлыг устгах гэсэн ердөө нэг л зорилго "биелсэн" гэдэг ангилалд байна.

Гэхдээ тайланд олон улсын нэн бага орлогын босгыг ашигласан тул Монголд ядуурал арилсан гэж ойлгож болохгүй.

Зарим сайн тоо бий. Цахилгааны хүртээмж 100 хувь, интернет хэрэглээ 85.1 хувь, банкны данстай иргэд 98.3 хувь болжээ. Гэвч дэд бүтцийн том тоонууд айл бүрийн амьдралыг ижилхэн өөрчилсөнгүй. Цэвэр түлш, технологиор хоол хийх боломж хүн амын 55.8 хувьд, суурь ариун цэврийн үйлчилгээ 74.3 хувьд хүрчээ. Хотын иргэдийн нийтийн тээврийн хүртээмж 47.3 хувь. Тайланд PM2.5-ын жилийн дундаж хэмжээ 53.6 микрограмм байна.

COP17-той хамгийн ойр зорилтуудын байдал бүр анхаарал татна. Тогтвортой хөдөө аж ахуйн үнэлгээ таван онооноос 2.3 бөгөөд ахиц зогссон. Нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгарал 12.9 тонн болж, уур амьсгалын зорилго ухарч байна. Сэргээгдэх эрчим хүч нийт эцсийн хэрэглээний ердөө 1.9 хувь. Хуурай газрын экосистемийг хамгаалах зорилго мөн томоохон бэрхшээлтэй ангилалд, ахицгүй хэвээр байна.

Газар, ус болон уур амьсгалын зорилтууд хоорондоо салангид биш. Бэлчээр доройтоход хүнсний үйлдвэрлэл, малчдын орлого муудна. Ус хомсдоход өрх, мал аж ахуй, уул уурхай нэг нөөцийн төлөө өрсөлдөнө. Нүүрсэнд түшиглэсэн эрчим хүч ялгарлыг нэмэгдүүлнэ.

Монголын ахиц удаан байгаа нь асуудлаа мэдэхгүйдээ биш аж. Манай улсын статистикийн чадавхын индекс 83.7, тайлангийн дутуу мэдээлэл ердөө нэг хувь байна. Энэ нь газрын доройтлоо, хөгжлийн хоцрогдлоо хэмжиж чадаж байна гэсэн үг. Харин хэмжсэн асуудлаа төсөв, байгууллагын үүрэг, албан тушаалтны хариуцлагатай холбож чадахгүй байна. Нэг яам газар сэргээж байхад нөгөө салбарын шийдвэр хөрс, усны дарамтыг нэмбэл төрийн бодлого өөрөө өөртэйгөө зөрчилдөнө. Авлигын төсөөллийн индекс 33, олон улсад сүүл мушгиж байгаа нөхцөлд газрын санхүүжилт, зөвшөөрөл, нөхөн сэргээлтийг нийтэд нээлттэй хянахгүйгээр олон улсын амлалт дотоодод үр дүн өгөхгүй.

COP17-д малчид, залуучууд, бизнес эрхлэгчид, нутгийн иргэдийн оролцоог тусгасан форумууд болно. Гэхдээ эдгээр оролцогчид хурлын үзмэр бус, газрын бодлого тодорхойлох оролцогч байх ёстой.

Эцэст нь, COP17-ийн амжилтыг ирсэн зочдын тоогоор бус, хурлын дараа хэдэн га газар сэргэсэн, хэдэн малчны орлого тогтворжсон, зарцуулсан мөнгийг иргэд хэрхэн хянаснаар хэмжинэ. COP16-ийг зохион байгуулсан Саудын Араб даргалагчийн ажлаа үргэлжлүүлж, албан мэдээллээр нөхөн сэргээсэн газар 2024 оны 12 дугаар сард 250 мянган га-гаас байсан бол 2025 оны 7 дугаар сард 500 мянга гаруй га болгож нэмэгдүүлжээ. Хурал хоёр долоо хоног үргэлжилнэ. Харин Монголын хариуцлага наймдугаар сарын 28-наас эхэлнэ. Бид үүнд бэлэн үү?

 
Сэтгэгдэл
И2026-08-03 11:4766.181.178.72
Мянгат малчны уралдаан болж төр нь тэрийг дэмжээд шагнаад байхаар газрын доройтол, махны хомсдолд орох ЗӨВ биздээ !