“Дундаж” тоо бүх үнэнийг хэлдэггүй
2026-08-05

"Монголчуудын дундаж цалин өсжээ." "Дундаж орлого нэмэгджээ." Ийм мэдээллийг бид байнга сонсдог. Гэвч дундаж нь нийт дүр зургийг харуулдаг болохоос хүн бүрийн бодит нөхцөл байдлыг бодитоор илэрхийлдэггүй. Жишээ нь, 10 хүнтэй байгууллагад:

  •  9 хүн 2.5 сая төгрөгийн цалинтай,
  • 1 хүн 35 сая төгрөгийн цалинтай бол байгууллагын дундаж цалин 5.75 сая төгрөг болно.

Гэхдээ энэ нь ихэнх ажилтны авч буй цалин биш юм. Үүнтэй адил:

  • Дундаж цалин өссөн ч олон хүний орлого өөрчлөгдөөгүй байж болно.
  • Дундаж орон сууцны үнэ тогтвортой байсан ч зарим дүүрэгт үнэ эрс өссөн байж болно.
  • Дунджаар өрхийн орлого нэмэгдсэн ч өсөлтийн үр өгөөж бүх өрхөд ижил хүрээгүй байх боломжтой.

Тиймээс статистикийн мэдээллийг уншихдаа зөвхөн дунджийг бус, медиан зэрэг бусад үзүүлэлтүүдийг хамтад нь харах нь илүү бодит дүр зургийг ойлгоход тусалдаг. Медиан гэдэг нь бүх утгыг багаас нь их рүү эрэмбэлэхэд яг голд нь байрлах утга юм. Энэ нь цөөн өндөр эсвэл маш бага утгын нөлөөнд бага автдаг тул "ердийн" хүн эсвэл өрхийн нөхцөл байдлыг илүү бодитоор илэрхийлдэг. Иймээс орлого, хөрөнгө, орон сууцны үнэ зэрэг ялгаа ихтэй үзүүлэлтүүдэд медианыг өргөн ашигладаг.

Макро үзүүлэлт бүр бодит өсөлт, бодит хүртээмжийг илэрхийлдэггүй. Тоон мэдээлэл өөрөө худал хэлдэггүй. Харин түүнийг буруу тайлбарлах нь төөрөгдөл үүсгэдэг.

Иймээс бид "Тоон мэдээллийг хэрхэн зөв унших вэ?" цуврал мэдээллийг эхлүүлж байна. Долоо хоног бүр тоон мэдээлэл, ойлголтыг энгийнээр тайлбарлаж, судалгаа, тоон мэдээллийг зөв унших чадвараа хамтдаа хөгжүүлье.

Сэтгэгдэл