
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2026 оны 25 дахь илтгэлдээ хүний эрхийн хэрэгжилтийн зургаан чиглэлийг үнэлж, УИХ-д хэрэгжүүлэх 60 санал хүргүүлжээ. Тайлангийн гол дүгнэлт нь Монголд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин харьцангуй бүрдсэн ч бодит амьдрал дээр хэрэгжилт хангалтгүй, төрийн үйлчилгээний чанар, хариуцлага, хүртээмж иргэдийн эрхийг зөрчсөн хэвээр байгааг харуулсан явдал юм.
Тайланд хамгийн далайцтайгаар хөндсөн асуудал нь Монгол хүний эрүүл мэндээ хамгаалуулах эрх. Комисс эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хомсдол, орон нутгийн үйлчилгээний хүртээмж, эмийн хүртээмж, санхүүгийн дарамтыг хүний эрхийн асуудал гэж үзжээ. Жишээлбэл, алслагдсан сумдын иргэд нарийн мэргэжлийн тусламж авахын тулд олон зуун километр зорчих, оношилгоо, эмчилгээний зардлаа өөрсдөө бүрэн даах тохиолдол түгээмэл байгаа нь амьдрах газар нь эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг тодорхойлж байгааг онцолсон байна.
Шүүх шинжилгээний тогтолцоо нь шударгаар шүүлгэх эрхэд шууд нөлөөлж буйг тайланд дурдсан. Зарим аймагт шинжээч хүрэлцээгүйгээс дүгнэлт удааширч, эрүүгийн болон иргэний хэрэг олон сараар хойшилдог нь хохирогч, яллагдагчийн аль алиных нь эрхийг зөрчиж буй жишээ болжээ.
Олон нийтийн мэдэх эрхийн хэсэгт төрийн байгууллагууд мэдээллээ нийтэлдэг ч бодит мэдээлэл авахад хүндрэлтэй хэвээр байгааг онцолсон. Зарим байгууллага мэдээллийг "албаны хэрэгцээ", "нууц" гэх үндэслэлээр татгалздаг, харин шилэн данс болон нээлттэй мэдээллийн сангууд бүрэн шинэчлэгддэггүй нь иргэдийн хяналт тавих боломжийг хязгаарлаж байгааг тэмдэглэв.
Тайланд мөн хүүхэд хамгааллын тогтолцооны сул талууд болон хүний эрх хамгаалагчдын аюулгүй байдал-д анхааруулга өгсөн байна. Орон нутагт хүүхэд хамгааллын үйлчилгээний ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн ажилтны хүрэлцээ муу байгаа нь эрсдэлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэх боломжийг хязгаарлаж буйг дурджээ.
Сонирхолтой нь энэ жилийн тайлан эрэгтэйчүүдийн эрх, жендэрийн асуудлыг тусгай бүлгээр авч үзсэн. Эрэгтэйчүүдийн дунд осол, хөдөлмөрийн аюулгүй байдал, амиа хорлолт, архины хамаарал өндөр байгаа ч эдгээрийг жендэрийн бодлогын асуудал гэж хангалттай авч үздэггүйг ХЭҮК онцолсон байна.
Энэ илтгэлийн хамгийн чухал мессеж нь хүний эрхийн асуудал зөвхөн хууль тогтоомжийн бус, төрийн үйлчилгээ хэр чанартай, хүртээмжтэй, хариуцлагатай байгаагаар хэмжигддэг гэдгийг бодит кейс, салбар тус бүрийн жишээгээр харуулсан явдал юм.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү