Жуулчин ирлээ, бензин алга
2026-08-09

~Дөнгөж сэргэж байсан аялал жуулчлалын салбар оргил улиралдаа АИ-92-ын хомсдолд бүдрэв~

Монголд ирсэн жуулчид говь, хангайгаар аялахын оронд шатахуун түгээх станцын дараалалд зогсож байна. Монголд аялах төлөвлөгөөндөө тэд шатахууны дараалалд зогсохыг төлөвлөгөөгүй нь мэдээж.

Уг нь аялал жуулчлалын салбарт сайн мэдээ олон байв. Монгол Улс долоодугаар сарын 31 хүртэл 568,989 жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 18.9 хувиар өссөн үзүүлэлт. Зөвхөн долоодугаар сард 150,257 жуулчин иржээ. Цар тахлаар тэг зогсолт хийсэн салбар удаан боловч сэргэж буй нь энэ.

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын мэдээгээр манай улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт, бүс нутагтаа хоёрдугаарт эрэмбэлэгдэж, говь нутагт жуулчид тээвэрлсэн анхны олон улсын нислэг газардсан билээ.

 

Гэхдээ Монголд ирсэн жуулчдын гол унаа нь авто тээвэр. Машинаар хэдэн зуун, заримдаа мянга гаруй километр аялж Монголтой танилцаж, дотоодын эдийн засагт үр ашгаа өгдөг. Харин жуулчны ид улирлаар Монгол Улс шатахууны хомсдолд орсноор тээврийн хэрэгслүүд нь бензингүй, жуулчны базууд зочингүй, орон нутгийн дэлгүүр орлогогүй болох эрсдэлтэй тулгарлаа. Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч С.Баясгалангийн хэлснээр Хархорин, Хөвсгөл, Өмнөговьд жуулчид бензингүй саатсан мэдээлэл өдөр бүр ирж буй аж. Хотод хугацаандаа очихгүй бол жуулчин нислэгээсээ хоцорно. Энэ саалтаас бол нэмэгдсэн буудал, хоол, тээврийн зардлыг жуулчны компаниуд хариуцах боломжгүй гэдгээ илэрхийлж байгааг тэрбээр хэллээ. Тус холбоо аялал хойшилсон болон цуцлагдсан бодит мэдээллийг компаниудаас нэгтгэж байгаа тул хохирлын эцсийн дүн хараахан гараагүй байна. 

Салбарынхан долоодугаар сарын 31-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд албан хүсэлт хүргүүлэв. Наймдугаар сарын 3-нд АНУ-ын Элчин сайдын яам шатахууны хомсдолоос шалтгаалан иргэддээ Монгол руу хийх шаардлагагүй аяллаа хойшлуулахыг зөвлөв. С.Баясгалангийн мэдээлснээр үүний дараа АНУ-аас ирэх зарим бизнес аялал болон жуулчны баазын захиалга цуцлагджээ.

Харин Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тооцоогоор зөвхөн наймдугаар сард 120 мянга орчим жуулчинд үйлчлэхэд 6000 тонн бензин хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдал удаан үргэлжилбэл салбарын шууд хохирол 1.2 их наяд төгрөгт хүрч болзошгүй гэж тус холбоо анхааруулжээ. Статистикийн мэдээллээр 2025 оны байдлаар Монголд 850 мянган жуулчин зочилж, 1.5 тэрбум ам.долларын орлого эдийн засагт оруулсан.

Засгийн газар эдийн засагт чухал хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын дизель түлшний хангалтыг тасалдуулахгүй, харин ч дэмжих зохицуулалтыг хийдэг. Атал жуулчин тээврийн гол хэрэглээ болох АИ-92 дээр ийм зорилтот зохицуулалт алга. 

Аялал жуулчлалын салбарынхан бараг бүтэн долоо хоногийн турш хүч хавсран эрдвийх дэрвийхээрээ дээр дооргүй гүйж, хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргаж, албан бичиг хүргүүлсний хүчинд өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын Шуурхай штаб аялал жуулчлалын компанийн автомашиныг хязгаарлалтгүй шатахуунаар хангах талаар судалж буйгаа илэрхийллээ. Аялал жуулчлалын компаниуд жуулчин тээвэрт тусгайлсан тэмдэглэгээ бүхий тээврийн хэрэгслээр үйлчилдэг. Ядаж үүнийг үндэслэн дараалал харгалзахгүй шатахуун олгохыг тэд шийдвэр гаргагчдаас, шатахуун борлуулагчдаас уриалж байсан юм. 

Харин Дундговь аймгийн удирдлагууд, шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүд хамтран зөвшөөрөлтэй жуулчин тээврийн машинд тусад нь үйлчлэх зохицуулалт хийж эхлэв. Гэвч говиос гадна Алтай таван богд, Хөвсгөл далай, Хархорин гээд жуулчид хамгийн их зорчдог орон нутгуудад зохицуулалт алга. Тиймээс Дундговь аймгийн жишгээр бусад аймаг зохицуулалт хийх, эсвэл тодорхой байршлуудад жуулчдад зориулан дараалал харгалзахгүй шатахуун олгох, цахимаар урьдчилан борлуулах зэрэг шийдвэр нь одоогийн нөхцөлд хамгийн бодитой, үр ашигтай, шаардлагатай зохицуулалт болж байгааг салбарынхан хэлж байна. 

Одоогийн нөхцөл байдлын эсрэг яаралтай хариу арга хэмжээ авахгүй бол шатахууны хомсдол салбарын ирэх жилийн өсөлтөд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж. АНУ-ыг дагаад бусад улсын ЭСЯ мэдэгдэл гаргаад эхэлбэл Монгол ирдэг өндөр үр ашигтай жуулчдын урсгал татарна. Нөгөөтэйгүүр “Шаардлагагүй бол Монголд аялахгүй байх, аяллаа хойшлуулах” гэдэг мэдэгдэл бол олон улсад шатахууны хомсдол гэж ойлгогдохгүй, харин дайн дажинтай, дотоодын үймээн самуунтай, халдварт өвчин гарсан, Монгол бол аялахад эрсдэлтэй газар гэдэг ойлголтыг олон улсын зах зээлд өгөх нөхцөл байдал үүсээд буйг С.Баясгалан анхаарууллаа. Тиймээс өнөө жилийн аяллын цуцлалтаас гадна ирэх жилийн захиалгыг ч “үргээнэ”. Энэ бол Засгийн газар шатахууны хомсдолын эсрэг нөөцийн багтаамжаа нэмэгдүүлж, хангамжийн эх үүсвэр тэлж, нөхцөл байдал дээрдэж буйгаа Монголд суугаа ЭСЯ-уудад мэдээлж, идэвхтэй ажиллахгүй бол богино хугацааны асуудал нь урт хугацааны эрсдэл болзошгүйг харуулж байна.

Жуулчдын орлого манай улсын төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлж, дотоодын эдийн засагт 1.5 тэрбум ам.долларын эргэлтийг бий болгож, 3000 орчим аж ахуйн нэгж, 100 мянга гаруй хүний амьжиргааны эх үүсвэр болдог. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлдэг эдийн засгийн хүртээмжтэй салбар гэж үздэг бол Засгийн газар цаашид жуулчдын тооны араас хөөцөлдөх биш бодлогын зохицуулалтыг хийдэг болох хэрэгтэй. Өнөөгийнх шиг нөхцөл байдалд эрсдэлийг тооцох, даван туулах, зах зээлийн зохицуулалтуудыг хурдан шуурхай, оновчтой хийх чиглэлд аялал жуулчлалын салбарын бодлогыг зангидахад анхаарах цаг болжээ. Жуулчдын тоо нэмэгдүүлэхээс илүү зориод ирсэн жуулчдаа зам дээр бензингүй орхихгүй байх нь засаглал юм.

 
Сэтгэгдэл