
|
Улсын төсвийг айл өрхийн төсөвтэй зүйрлэвэл Монгол Улс ирэх жил хэдэн төгрөгийн орлого олж, юунд хэдийг зарцуулахаа хэлэлцэж эхлээд байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу салбарын сайд, дарга нар өөрсдийн зарцуулах урсгал зардал, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн жагсаалтыг багтаасан 2027 оны төсвийн төслөө Сангийн яаманд хүргүүлж, олон нийтээр хэлэлцүүлж эхэлсэн. |
||
|
||
|
⛽Сүүлийн үед шатахууны хомсдолоос болж хамгийн их хэл ам татлаад буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамныхан 2027 оны төсвийн зардлаа 170.4 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. Засгийн газрын тогтоолоор тус яамны төсвийн зарлагын дээд хэмжээг 95,8 тэрбум төгрөгөөр баталсан. Тодруулж хэлбэл, баталсан хязгаараас 74,6 тэрбум төгрөг давсан буюу 78 хувиар өссөн байна. Энэ давсан төсвөөс шатахууны агуулах сав барих татаасын зардалд 41,7 тэрбум төгрөг, геологийн хайгуул судалгаанд 19,8 тэрбум төгрөг, цахим системд 2,9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Бүгд л улс орны өмнө тулгамдсан чухал асуудал учраас төсвийн хязгаарыг давуулсан гэж салбар яамныхан тайлбарлаж байна. Уг нь журмын дагуу бол төсвийн хязгаараас хэтэрсэн тохиолдолд зарлагаа бууруулах саналаа давхар оруулж ирэх ёстой гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд хэлэлцүүлгийн үеэр анхааруулав. |
||
|
||
|
Гэхдээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хязгаараас давуулсан төсвийг Боловсролын яамын төсвийн төслийн хязгаар давсан дүнтэй харьцуулбал тийм ч их тоо биш юм шиг санагдана. Учир нь Боловсролын сайдын 2027 оны төсвийн төсөл Засгийн газраас баталсан зарлагын дээд хязгаар 5.6 их наяд төгрөгийг 2.5 их наяд төгрөгөөр буюу ойролцоогоор 45 хувиар давуулж, 8.1 их наяд төгрөгийн төсөл ирүүлжээ. Хэдийгээр багш нарын цалингийн нэмэгдэл төсвийн хязгаар давахад нөлөөлсөн ч суралцагчийн тооны өсөлт, шинээр ашиглалтад орсон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа, тэтгэмж урамшуулал зэрэгт зарцуулах төсвийн хэмжээ 1,2 их наяд төгрөгөөр хэтэрчээ. Мөн хөрөнгө оруулалтын зардлаа 1,3 их наяд төгрөгөөр давуулсан байна. |
||
|
||
|
⚡Эрчим хүчний сайдын төсвийн зарлагын дээд хязгаарыг 461.2 тэрбум төгрөгөөр тогтоосон ч 2027 онд 1.9 их наяд төгрөг зарцуулах төсөл ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, тогтоосон хязгаараас 1.4 их наяд орчим төгрөгөөр давж, нийт төсвийн санал нь хязгаараас дөрөв дахин өндөр байна. Тодруулбал, урсгал зардлаа 1 их наяд төгрөгөөр, хөрөнгө оруулалтаа 957 тэрбум төгрөгөөр тооцжээ. Шалтгаан нь Засгийн газраас дулаан, цахилгаан үнэ нэмсэн шийдвэрээ 2027 он хүртэл хойшлуулсан. ????Үүнээс болж нэмэгдсэн татаасанд 900 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Мөн 10 аймгийн дулааны станц, дулаан хангамжийн ажил зэрэг томоохон төслүүдээс шалтгаалж, төсвийн хязгаараа давуулсан гэж мэдээлж байна. |
||
|
||
|
Ийнхүү салбарын сайд нарын олонх нь Засгийн газраас тогтоосон төсвийн зарлагын дээд хязгаараас давсан төсвийн төсөл боловсруулж, Сангийн яаманд хүргүүлжээ. Харин одоо Сангийн яам эдгээр төсвийн төслийг нэгтгэхийн зэрэгцээ олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан саналыг тусгаж, зардал, хөрөнгө оруулалтыг ач холбогдол, үр ашгаар нь дахин эрэмбэлэн нэгдсэн төсвийн хязгаарт багтаах шаардлагатай болж байна. |
||
|
✂️ Уг нь төсвийн хязгаар гэдэг Сангийн яам эцэст нь зардлыг танахад зориулсан тоо биш. Салбарын сайд нар өөрсдөө бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтаа ач холбогдол, үр өгөөжөөр нь эрэмбэлж, тогтоосон хязгаартаа багтаан төсвийн төслөө боловсруулах нь төсвийн сахилга бат, хариуцлагын үндсэн зарчим юм. |
||
|
||
|
||
|
Аль болох тэлж, хязгааргүй бөгөөд хяналтгүй үрэхийг зорьж ирсэн улсын төсөв эцэстээ бодит орлого, санхүүгийн боломжийнхоо хязгаарт ийнхүү тулж байна. Гэтэл 2027 оны төсвийн төслөөс харахад салбарын яамдын хүсэж буй зардал Засгийн газрын өөрийнх нь тогтоосон хязгаараас хэдэн зуун тэрбумаас хэдэн их наяд төгрөгөөр давжээ. |
||
|
Эндээс хоёр асуулт гарч байна. Нэгдүгээрт, Засгийн газар төсвийн зарлагын дээд хязгаарыг тогтоохдоо салбаруудын бодит хэрэгцээ, өмнө нь гаргасан бодлогын шийдвэрүүдийнхээ өртгийг бүрэн тооцсон уу? Хоёрдугаарт, нэгэнт хязгаар тогтоосон бол салбарын сайд нар түүндээ багтаан зардлаа эрэмбэлэх төсвийн сахилга бат хаана байна вэ? |
||
|
Одоо энэ зөрүүг Сангийн яам нэгтгэн “танах” ёстой болж байна. Угтаа төсөв гэдэг хүссэн бүхнээ жагсаагаад, эцэст нь Сангийн яамаар хасуулах үйл явц биш. Сангийн яам ч бүх салбарын асуудлыг мэддэг онож танадаг газар биш. Хязгаарлагдмал орлого дотор хамгийн чухал, зайлшгүй, хамгийн үр ашигтай зардлаа сонгох нь төсөв боловсруулахын үндсэн утга учир байх ёстой. |
||
|
Тиймээс 2027 оны төсвийн хэлэлцүүлгийн гол асуулт нь “аль салбарт хэдэн төгрөг нэмэх вэ?” гэхээсээ илүү “юуг санхүүжүүлэхгүй байхаар сонгох вэ?” |