Улс төрийн намуудын үзэл баримтлал ба бодлогын тодорхой байдал сэдэвт хэлэлцүүлэг болно
2026-08-11

Цогц хөгжлийн үндэсний төвөөс Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монголын улс төрийн намуудын үзэл баримтлал ба бодлогын тодорхой байдлыг дэмжих нь” төслийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Ирэх пүрэв гараг буюу энэ сарын 13-нд Улаанбаатар зочид буудлын Баянзүрх танхимд болох хэлэлцүүлгээр улс төрийн намуудын үзэл баримтлал, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн тодорхой асуудлууд дахь бодлогын байр суурь, тэдгээрийн уялдаа болон цаашид анхаарах асуудлыг судлаачид, иргэний нийгэм, улс төрийн намын төлөөллийн оролцоотой тал бүрээс нь хэлэлцэнэ. Дараа нь хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлан санал, зөвлөмж боловсруулж улс төрийн намуудад хүргүүлэхээр төлөвлөж байна.

“Монголын улс төрийн намуудын үзэл баримтлал ба бодлогын тодорхой байдлыг дэмжих нь” төсөл нь улс төрийн намуудын үзэл баримтлал, бодлогын чиг баримжааны талаарх олон нийтийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх, үзэл баримтлалд суурилсан бодлого боловсруулах институцийн чадавхыг дэмжих зорилготой.

Төслийн хүрээнд парламентад суудалтай улс төрийн намуудаас эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн тодорхой асуудлаарх бодлогын байр суурийг цуглуулж, нэгтгэн, үр дүнд тулгуурласан товч танилцуулга /policy brief/ боловсруулж олон нийтэд хүргэнэ. Мөн судлаачид, иргэний нийгмийн байгууллага болон улс төрийн намын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсны үр дүнд улс төрийн намуудын үзэл баримтлал, бодлогын чиг баримжаатай холбоотой анхаарах асуудлуудыг тодорхойлж, үзэл баримтлалд нийцсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах боломж бүрдэх юм. Ингэснээр улс төрийн намууд бодлогын шийдвэр гаргахдаа судалгаанд суурилсан хандлагыг бэхжүүлэх, бодлогын судалгааны хүрээлэн, нэгжийнхээ санал, дүгнэлтийг тогтмол авч үзэх, бодлого боловсруулах үйл явцдаа тэдэнтэй идэвхтэй хамтран ажиллах практикийг дэмжихэд чиглэж байна.

Цогц хөгжлийн үндэсний төв нь төслийг хэрэгжүүлэхдээ эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн салбарын тодорхой асуудлуудын хүрээнд улс төрийн намуудын баримталж буй бодлого, баримт бичгийг цуглуулж судлахаас гадна тухайн улс төрийн намын төлөөлөлтэй хамтран ажилласан. Энэ нь улс төрийн намуудын үзэл баримтлал, бодлогын чиг хандлагыг олон нийтэд илүү тодорхой, нээлттэй танилцуулахад чухал нөлөө үзүүлсэн гэдгийг онцолж байна.

Хэлэлцүүлэгт бүртгүүлэх бол энд дарна уу.

 

Сэтгэгдэл