
Монгол Улс олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш УИХ-ын есөн удаагийн сонгууль зохион байгуулж, нийт 18 нам, эвсэл парламентад суудал авч байжээ. Гэвч 1992–2024 оны парламентын нийт 734 суудлын 684 буюу 93.2 хувийг МАН (хуучнаар МАХН) болон АН, ардчилсан чиглэлийн эвслүүд бүрдүүлсэн байна. Харин бусад нам, эвсэл, бие даагчдад ердөө 50 суудал буюу 6.8 хувь оногдож байв.
Олон улсын Бүгд найрамдах хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн “Монголын улс төрийн намуудын үзэл баримтлал ба бодлогын тодорхой байдлыг дэмжих нь” төслийн хүрээнд хийсэн тооцоогоор Монголын парламент дахь үр нөлөө бүхий намын тоо өнгөрсөн есөн сонгуулийн дунджаар 1.8 байна. Тус судалгаагаар хэрэв энэ үзүүлэлт гурав болон түүнээс дээш гарсан тохиолдолд олон намын тогтолцоо бодитоор бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй юм байна.
Парламент дахь үр нөлөө бүхий намын тоо нь УИХ-д хэдэн нам суудалтай байгаагаар шууд илэрхийлэгддэггүй. Харин нам бүрийн авсан суудлын жинг харгалзан эрх мэдэл бодитоор хэдэн намд хуваарилагдсаныг хэмждэг. Үзүүлэлт өндөр байх тусам парламентын нөлөө олон намын хооронд жигдэрч, бага байх тусам цөөн намд төвлөрснийг илэрхийлнэ.
Монголын тухайд 2000 оны сонгуулийн дараа энэ үзүүлэлт 1.1 болж хамгийн доод түвшинд хүрч байсан байна. Тухайн үед МАХН 76 суудлын 72-ыг авсан түүхтэй. Уг үзүүлэлт 2016 онд 1.34, 2020 онд 1.46 байв.
Харин холимог тогтолцоо ашигласан 2012 оны сонгуулийн дараа 2.95 болж хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. 2024 оны сонгуулиар дөрвөн нам, нэг эвсэл УИХ-д суудал авч, үзүүлэлт 2.45 болж өсжээ. Гэсэн ч судалгаанд ашигласан гурван намын босгыг давсангүй. Өөрөөр хэлбэл, парламентын бүрэлдэхүүн өргөжсөн ч суудлын жин цөөн намд төвлөрсөн хэвээр байна.
Есөн сонгуулийн нийлбэрээр МАН (МАХН) 471, АН 123 суудал авчээ. “Ардчилсан холбоо” болон “Эх орон–Ардчилал” эвслүүдийн 90 суудлыг нэмбэл хоёр гол улс төрийн чиглэлийн эзлэх хувь 93.2 хувьд хүрнэ.
Монгол Улсад 2025 онд 37 улс төрийн нам бүртгэлтэй байсан бол Улсын дээд шүүхийн одоогийн нээлттэй бүртгэлд 31 нам байна. Гэвч олон намтай байх нь Монголд сонгогчийн бодит сонголт олон байга гэсэн үг биш аж.
Олонх төвлөрөх нь тогтвортой Засгийн газар байгуулах давуу талтай ч улс төрийн өрсөлдөөн суларснаар парламентын хяналт, бодлогын өөр хувилбар, эрх баригчдад хүлээлгэх хариуцлага дагаад сулардаг сул талтай. Тиймээс Монголд хэдэн нам бүртгэлтэй байхаас илүү хэдэн нам иргэдийн саналыг парламентын бодит нөлөө болгож чадаж буй эсэх нь чухал аж.