
|
УИХ-аас томилогдож, Засгийн газраас хараат бусаар ажиллах онцгой статустай байгууллагын удирдлагаар сонгогдох хүмүүс нь улс орны эдийн засаг, хүний эрх, ардчилал, төрийн санхүү, сонгуулийн шударга байдал зэрэг ардчиллын багана болох салбаруудыг удирдах учраас хараат бус, мэргэжлийн, ил тод ажиллах нь улсын хөгжил, засаглалын эрүүл байдалд нэн чухал нөлөөтэй гэж үздэг. |
||
|
⚠️Гэвч Хаврын чуулганаар хийсэн томилгооны үйл явцыг харахад хэлбэр төдий, ач холбогдол багатай сонсголууд болж өнгөрөв. Өөрөөр хэлбэл, сонсголын үеэр нэр дэвшигчдийг тухайн албан тушаалын шалгуур шаардлагад нийцэх эсэхийг олон нийтийн өмнө шалгаж, сорихоос илүү аль хэдийн шийдэгдсэн томилгоог албажуулах, ёслол төдий зүйл болж хувирсан нь сонсголын үйл явцаас тодорхой харагдана. |
||
|
||
|
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо эхний удаа Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Д.Ариунболд, Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлсэн Д.Мөнхзориг, Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Ж.Болд, Д.Давааням нарын томилгоог хэлэлцсэн. Дараа нь 6-р сарын 24-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өөрийн буюу Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Н.Мягмар, Ц.Уртнасан нарын нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав. Энэ сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг цахим хуудсанд байршуулсан боловч оролцогч, ажиглагч бүртгүүлээгүй гэдгийг албан мэдээнд дурджээ. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийн хоёр удаагийн нээлттэй сонсголын тайланг тус бүрд нь хаалттайгаар хэлэлцэж, УИХ-д өргөн барьснаар дээрх зургаан нэр дэвшигчийг томилуулаад байна. |
||
|
||
|
Томилгооны сонсгол зохион байгуулснаар тухайн хүний боловсрол мэдлэг, ажлын туршлага, бизнесийн хэлхээ холбоо, ашиг сонирхлын зөрчил зэргийг нарийвчлан хэлэлцэх боломж бүрддэг. Ийнхүү нэр дэвшигч өөрөө олон нийтийн өмнө өөрийгөө танилцуулдаг учраас хаалттай хаалганы цаана шийдэгддэг томилгооноос ялгардаг. ⚠️Гэвч хаврын чуулганы томилгооны сонсголын үеэр ийм үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөсөнгүй. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсон Ж.Болд, Д.Давааням, Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг л гэхэд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн. Тэднийг тухайн албан тушаалын шаардлага, шалгуурт нийцэж байгаа эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан өөрөө танилцуулах жишээтэй. |
||
|
❓Өөрөөр хэлбэл, өөрийн байнгын хорооноос санал болгосон хүнээ өөрөө танилцуулаад танхимд байгаа хэдхэн гишүүн, оролцогчид асуулт асуугаад л сонсгол өндөрлөсөн. Тэгвэл тухайн нэр дэвшигчдийг анхнаас нь ямар сонгон шалгаруулалт дээр үндэслэж, оруулж ирсэн бэ, улс төрийн ашиг сонирхол байна уу? гэсэн асуулт гарч байна. Тухайлбал, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилгооны сонсголын үеэр энэ асуултыг хамгийн их асуусан. Учир нь нэр дэвшигч Э.Анар нь УИХ-ын дарга асан М.Энхболдын хүүхэд. |
||
|
Түүнийг ямар сонгон шалгаруулалт, шалгуур шаардлага дээр үндэслэж нэр дэвшүүлж байгаа тухай Монголбанкны ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүд удаа дараа асуусан. Харин Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Э.Анар нь Монголбанканд мерит зарчмаар ажилласан туршлагатай, дотооддоо сонгон шалгаруулалт явуулаад, хууль журмын дагуу нэрийг нь дэвшүүлсэн” гэж хариулж байлаа. |
||
|
||
|
Ийнхүү хаврын чуулганаар долоон нэр дэвшигчийн томилгооны сонсгол зохион байгуулсан. Томилгооны сонсголын тайланг тухайн байнгын хороо нь хаалттай хуралдаж хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганаар томилгоог хэлэлцүүлдэг хуультай. ⚠️Томилгооны сонсгол бол хэн нэгнийг албан тушаалд томилох үйл явц гэхээс илүү яагаад энэ хүнийг томилох ёстой вэ?” гэсэн асуултад олон нийтийн өмнө хариулт авах хэлбэр. Гэхдээ аль хэдийн шийдэгдсэн томилгоонд “тамга дардаг” ёслол төдий үйл явц байж болохгүй. |