
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг хүлээн авч уулзлаа. Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли нь БНХАУ гэрээний дагуу шатахууныг Монгол Улсад шуурхай нийлүүлэх ажлыг онцгой анхаарч зохион байгуулан ажиллаж байгааг онцлон хэлэв. Цаашид ч гэрээний дагуу үргэлжлүүлэн шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдэв.


Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Хятад иргэдийн, бизнесийн болон хөрөнгө оруулагчийн эрхэнд халдсан явдал гарсанд уучлалт хүсэв. Энэ асуудлаар хуулийн байгууллагуудад хандсан” гэдгийг дуулгав. Монгол Улс, тэр дундаа Аж үйлдвэр эрдэс баялгийн яам БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хайгуулын ажлаа идэвхжүүлж, нөөцөө нэмэгдүүлэхийг үргэлж зорилгоо болгож ирсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ. Цаашид Аж үйлдвэр эрдэс баялгийн яам газрын тосны хайгуулын компаниудтай хамтран хайгуулын ажлын онцлогийг харуулсан, олон нийтэд зөвөөр ойлгуулах компанит ажил эхлүүлэх гэж байгааг танилцуулав. Мөн Монгол Улс цаашид БНХАУ-аас тогтмол бүх төрлийн шатахуун худалдан авах зорилготой байгаа ба шатахуун нийлүүлэх байнгийн квот олгох хүсэлтийг цааш уламжилж өгөхийг хүсэв.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам