
Орон сууцны залилангийн хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсэг 452.4 сая төгрөгийн дөрвөн гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, дөрвөн иргэний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулаад байна. Орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд ажлын хэсгийн тайлан мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд 452.4 сая төгрөгийн 4 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, 4 иргэний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, үйл ажиллагаа гүйцэтгэхийг даалгасан шийдвэрийг биелүүлээд байгааг онцлов.
Мөн “Нийтийн зориулалттай дуусаагүй барилга “бүгд бүртгүүлдэггүй, сайн дурын” шинжтэй учраас бүх захиалгын гэрээг бүртгэх боломжгүй, зөвхөн дуусаагүй барилгаар бүртгэлтэй урьдчилсан тэмдэглэл хийх боломжтой. Захиалгын гэрээгээр иргэн, хуулийн этгээд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан боловч гүйцэтгэгч болон барилгын захиалагч газрын эрхээ дагаж дангаар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж буйг онцоллоо.
Хуралдааны төгсгөлд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ажлын хэсгийн ахлагчийн хувьд миний бие холбогдох албан туушаалтнуудад иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллах, хэрэгт холбогдсон орон сууцны компани, аж ахуй нэгжүүдийн нуугдмал хөрөнгийг илрүүлэх, Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ орон сууцны захиалгын харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Орон сууц захиалгатай холбоотой хамгийн их хохирогчтой 14 компанийн хэргийг шуурхай шийдвэрлэж чадвал нийт хэргийн 60 орчим хувийг нь шийдвэрлэх боломжтой гэж ажлын хэсгийн бүрэлдэхүүн үзэж байгаа учир холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, бодит үр дүн гаргаж ажиллах үүрэг чиглэлийг өглөө. Орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах, учирсан хохирлыг шуурхай барагдуулах, цаашид иргэдийг ижил төрлийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх нь ажлын хэсгийн гол зорилго юм” хэмээв.
Эх сурвалж: Хууль зүй дотоод хэргийн яам