ТӨСӨВ: Хэмнээгүй, харин алдагдлаа тэлсэн тодотгол
2026-08-23

Засгийн газрын өргөн барьсан энэ оны төсвийн тодотгол 1.4 их наядыг хэмнэж, иргэдийн орлого инфляцад идэгдэхээс хамгаалсан гэж буй. Гэвч бодит тооцоон дээр төсвийн алдагдлыг хоёр дахин тэлж, нэмэгдсэн алдагдлыг зээлээр санхүүжүүлж, хөрөнгө оруулалтаас урсгал зардал руу шилжүүлэхээр төлөвлөжээ.

Алдагдал хоёр дахин нэмэгдэнэ

УИХ-ын баталсан 2026 оны нэгдсэн төсвийн алдагдал 1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 1%-тай байв. Гэтэл оны эхний долоон сарын байдлаар төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрснээр Засгийн газар төсвөө тодотгохоос аргагүй болов. Ингэхдээ төсвийн зарлагыг нэг их наядаар тэлж, яг тэр хэмжээгээр төсвийн алдагдлыг нэмэгдүүлж тооцжээ. Ингэснээр төсвийн алдагдал 2 их наяд төгрөг давж ДНБ-ий 2%-д хүрэх нь.

Тодотголоор 2.048 их наяд төгрөгийн алдагдлыг Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр тусгажээ. Үүний зэрэгцээ төсөв, төлбөрийн тэнцэл болон валютын нөөцөд учрах эрсдэлийг бууруулах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл, 250 сая ам.доллар хүртэлх нөхцөлт зээлийн шугам авахаар хэлэлцэж байна. Мөн төрийн сангийн мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөхөөр ЗГҮЦ гаргах дээд хэмжээг 561.2 тэрбумаас 1.561 их наяд төгрөг болгохоор төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлээр дамжиж хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад очих боломжтой мөнгөнөөс Засгийн газар алдагдлаа санхүүжүүлэхийн тулд 1 их наядыг авна гэсэн үг юм.

Мөн төр татварын цоорхойг нөхөхийн тулд өөрийн компаниудаас авах ногдол ашгийн хэмжээг 7 дахин нэмэгдүүлж 1.6 их наяд төгрөг болгожээ.

Алдагдлын цаад учир

Төсвийн тодотголын төсөлд онцолсноор татварын орлого тооцоолсон хэмжээнд цуглахгүй байгаа аж. Үүнийг дотоодын худалдаа, үйлчилгээний идэвхжил, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого, ашигт ажиллагаа анхны төсөөллөөс сул байсантай холбоотой гэж үзжээ. Тиймээс Засгийн газар татварын орлогын төсөөллийг 1.02 их наяд төгрөгөөр бууруулжээ.

Татварын орлогын төлөвлөгөөг харвал автомашины импорт эхний долоон сард буурснаар гааль болон импортын НӨАТ, мөн онцгой албан татвар буурахад нөлөөлсөн байна.

Хэдийгээр гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ тааламжтай, экспортын орлого өндөр байгаа нь төсвийн орлогыг дэмжиж буй ч компаниудын ашигт ажиллагаа, хөрөнгийн болон импортын идэвх, удаан эдэлгээтэй барааны хэрэглээ суларсан нь татварын орлогын бүтцэд шууд нөлөөлжээ. Уул уурхайн орлого, түүхий эдийн ханшийн өсөлт өрхийн орлого, худалдаа үйлчилгээ, дотоодын татварын өргөн суурь болж чадаагүйг эндээс харж болохоор.

“1.4 их наяд”-ын ПиАрын бодит задаргаа

Засгийн газар төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт хийсэн гэдэг нь үнэндээ ПиАрын тайлбар гэмээр. Ерөнхий сайдын хэлсэн шиг үнэхээр төсөвт хэмнэлт хийсэн бол төсвийн зарлага 1 их наяд төгрөгөөр тэлэхгүй. Хэрэв өөрийнх нь хэлсэн шиг 1.4 их наядаар хэмнэгдсэн бол алдагдал ч тэр хэрээр танагдах байв. Гэтэл тэнцвэржүүлсэн орлого өөрчлөгдөөгүй хэвээрээ байхад нийт зарлага 998 тэрбум төгрөгөөр тэлснийг төсөв хэмнэсэн гэж хэлэхгүй. Энгийн логик шүү дээ.

Харин Засгийн газар Төсвийн тухай хуулийн 34.1.4 дэх заалтын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд төсвийн зардлыг шилжүүлэх замаар эрэмбэлсэн байна. Урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг чөлөөлж, дараах зардалд шилжүүлжээ.

1.4 их наяд төгрөгийн 72%-ийг боловсрол, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүү, ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг арилгахад зарцуулахаар болжээ. Харин үлдсэн 28%-ийг үнийн огцом хэлбэлзлийг сааруулахаар улирлын чанартай хүнсний бүтээгдэхүүнээ нөөцлөх, эрчим хүчний татаас олгох, гэрт ойрхон сургууль барих зэрэгт төлөвлөсөн байна.

Боловсролын салбарт чиглүүлэх 674.5 тэрбум төгрөг нь тодотголоор гарсан шинэ бодлогын шийдвэр биш. Оны эхнээс цалинг 50 хувиар нэмсэн ч бүтэн жилийн санхүүжилтийг анхны төсөвт бүрэн суулгаагүйгээс үүссэн дутуу үлдэгдэл юм. Тиймээс тодотголын 1.4 их наяд төгрөгийн бараг тал нь шинэ бодлого бус, өмнө гаргасан шийдвэрийн санхүүжилтийн цоорхойг нөхөхөд зарцуулагдана.

За тэгээд, стратегийн гэж нэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний хуваарилалтдаа сайн анхаарахгүй бол хэчнээн нөөцөллөө ч хуваарилалт “шог” байвал өр тавьж, төсөв тодотгосны үр шимийг энгийн иргэд биш, харин өнөөх овжин хэд нь хүртдэг онцгүй нөхцөл байдал хэвээр байгаа шүү. Цалин, тэтгэврийн нэмэгдэл богино хугацаанд иргэдэд дэмжлэг болох ч нөгөө талд нийлүүлэлт тасалдаад эхэлбэл дахиад л өнөө маргаашийн хоол хүнс, хэрэглээний зардлаар дамжиж зах зээлд үнийн өсөлт өдөөх эрсдэл бий.

Ингээд харахаар, төсвийн тодотгол нь бодлогын шинэчлэл болж чадсангүй гэж сөрөг хүчин шүүмжлээд байгаа нь ортой. Засгийн газрын бүтэц, давхардсан чиг үүрэг, үр ашиггүй байгууллага, томоохон төсөл, хөтөлбөрийг цэгцлэх бүтцийн өөрчлөлт тодотголоос харагдахгүй байгаа нь үнэн. Бас татварын бааз сууриа тэлэх өөрчлөлт хийхийн оронд ТӨК-иуддаа даалгавар өгч төсөв бүрдүүлдэг арга барилаа өөрчилсөнгүй. Хэдийгээр Засгийн газар 30 жил шийдэгдээгүй асуудлыг шийдэхэд чиглэсэн гэж буй ч үнэндээ урт хугацаандаа төсвийн хуульчилсан урсгал зардлыг нэмэгдүүлэх л өөрчлөлт тодотголоос харагдаж байна.

 
Сэтгэгдэл