COP17 ба байгальд ээлтэй монголчууд
2026-08-23

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвецын талуудын бага хурал Улаанбаатархотноо амжилттай үргэлжилж байна. Нийт 197 орны төлөөлөл оролцох товтой тус арга хэмжээнд эхний өдрөө 167 орны төлөөлөл иржээ.

Монгол Улсын зохион байгуулж буй COP17 үзэж харах зүйл, сонирхолтой үйл явдал, зочид гийчид, арга хэмжээгээр дүүрэн байна. Гэхдээ олон улсын энэхүү томоохон арга хэмжээ цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах үндсэн зорилготойгоо хэр зэрэг уялдаж, ямар ахиц дэвшлүүд гарч байгаа нь чухал юм. Өнгөрсөн долоо хоногт COP17 дээр санхүүжилт, тайлагнал, ус, ой, бэлчээр хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааны бодит механизмуудыг талууд эхлүүлээд байна.

- Цөлжилттэй тэмцэх “Улаанбаатарын тунхаглал”-ыг батлав. COP17-ийн Хотын дарга нарын форумд 30 гаруй улсын 200 гаруй төлөөлөгч оролцож, газар, ус, уур амьсгал, биологийн олон янз байдал болон хот төлөвлөлтийн бодлогыг орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулж, цөлжилттэй тэмцэх конвецын хэрэгжилтийг хангахад хотуудыг оролцуулах, орон нутгийн засаг захиргаанд байгаль хамгааллын санхүүжилтийг шууд хүргэхийг уриалжээ. Үүнийг дагалдан газрын доройтлыг хэрхэн хэмжиж, тайлагнах практик аргачлалыг турших ажилд Улаанбаатар хот манлайлан оролцож, үр дүнгээ COP18-д танилцуулах амлалт өглөө.

Үүнээс гадна ногоон санхүүжилтийн хүрээнд ямар ямар ахиц дэвшил, хамтын ажиллагаа, шинэлэг эх үүсвэр бий болж байгаа талаар товч мэдээлье.

-”Монголын ногоон санхүүгийн корпорац” 49.6 сая ам.долларын санхүүжилттайгаар албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэв. Энэ бол төр, хувийн хэвшил, олон улсын эх үүсвэрийг нэгтгэн арилжааны банкуудаар дамжуулж ногоон төсөлд урт хугацааны санхүүжилт олгох механизм юм. Ногоон төслийн санхүүжилтийн 26.6 сая ам.долларыг “Ногоон уур амьсгалын сан” гаргажээ.

- Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийн таксономи 2.0-ыг нэвтрүүлж буйг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт COP17-ын хурлын гурав дахь өдөр болсон “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум”-ийн үеэр мэдэгдлээ. Энэ нь аливаа төсөл, зээл, хөрөнгө оруулалтыг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн гэж үзэх нэгдсэн шалгуур бөгөөд банкууд, хөрөнгө оруулагчид, төрийн байгууллагууд санхүүжилтээ ангилах, тайлагнах, үр дүнг нь хэмжихэд ашиглах аж.

- Санхүүгийн салбарт болсон бас нэг чухал мэдээ бол манай санхүүгийн салбарынхан Цэнхэр бонд гаргах удирдамжтай болжээ. СЗХ, “Голомт банк3, ТоС холбоо ОУСК-ын техникийн дэмжлэгтэйгээр Монголын “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг боловсруулан нэвтрүүлээд байгаа аж. Энэхүү удирдамжийн зорилго нь усны нөөц, усан хангамж, бохирдлыг бууруулах, гол, нуур болон цэнгэг усны экосистемийг хамгаалах төслүүд бондоор хөрөнгө татах шалгуурыг тогтоох юм байна.

- “Монголын Байгалийн өв сан” нь “Голомт банк” болон ХААН банктай санамж бичиг байгуулж, тогтвортой малчин ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн туршилтын хөтөлбөрийг эхлүүлэв. Уг хөтөлбөр малчдад олгох санхүүжилтийг бэлчээрийн тогтвортой менежмент, байгальд ээлтэй үйлдвэрлэл, хариуцлагатай түүхий эдийн нийлүүлэлттэй холбох зорилготой.

- “Европын холбоо”-ны санхүүжилттэй “Financing for Forests” хөтөлбөр Монголд эхэллээ. “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт”, “Ойн газар” хамтран хэрэгжүүлэх бөгөөд ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтэд 2030 он хүртэл 250 сая ам.доллар татах зорилт тавьжээ.

Амлалтаас илүү үр дүнг уриалав

Ерөнхий сайд Н.Учрал COP17 арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ өмнөх тунхаглалыг давтах бус, “амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү” шилжих хурал болгох ёстойг онцлов. Монгол Улс газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг тус тусад нь биш, нэг цогц асуудал болгон авч үзэх, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, малчид, нутгийн иргэдийн мэдлэгийг газрын менежментийн төвд тавих санал дэвшүүллээ.

Дотооддоо “Тэрбум мод”, “Нарлаг Монголын малчин”, 100 ногоон сургууль, ногоон дата төв, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн сүлжээг гол шийдлээр нэрлэв. 2027 оны төсөвт сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 сургуулийн санхүүжилтийг тусгаж, цаашид 500 цэнэглэгчтэй үндэсний сүлжээ байгуулахаар зорьж байна гэх олон амлалтыг төр засаг маань СOP17-той зэрэгцэн “тунхаглав”. COP17 дээр мэдэгдсэн шигээ эдгээр амлалтаа ч бас үр дүн болгохын төлөө зүтгээрэй, Ерөнхий сайд аа.  

COP17-н бусад сонин хачнаас

COP17-ийн албан хэлэлцээ Цэнхэр бүсэд өрнөж байгаа ч Монголын дэлхийд санал болгож буй санаанууд Ногоон бүсэд төвлөрч, илүү сонирхолтой орчныг бүрдүүлжээ. Ногоон бүсээс байгальд ээлтэй байх үзэл санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, төслүүд, залуучуудын дуу хоолойг бодитоор мэдэрнэ. 

Интерактив музей: Өв соёлд ч уур амьсгал сөргөөр нөлөөлж байна

Ногоон бүс дэх Уулзалтын танимын нэг буланд байрласан Соёлын өвийн интерактив музейгээр заавал ороорой. Энд уур амьсгалын өөрчлөлт ба Бурхан Халдун, Монгол Алтайн хадны зураг, Орхоны хөндийн дурсгалуудын тухай 360 градусын виртуал аялал бий. Музейд гоё гэрэл зураг үзүүлэхээс гадна анхааруулах зүйл ч бий. Хэт халалт, нар, салхины нөлөөгөөр хадны сүг зураг, бичиг дурсгал бүдгэрэх, ширүүн борооны улмаас буган хөшөө цуурах гэх мэт эрсдэл үүсдэг аж. Бурхан Халдун орчмын сүүлийн 10–20 жилийн зургийг харьцуулахад ургамлын гарц муудаж, зуншлага оройтсон нь нүдэнд илт.

Ногоон бүсээр нэг тойръё

Цаг уур, орчны шинжилгээний газар — Цөлжилтийн газрын зургийг шинэчилжээ. 1991–2025 оны хэмжилт, хиймэл дагуул, зайнаас тандан судлах өгөгдөлд тулгуурласан шинэ атлас 71 зураглалтай. Уг зураглалаар маний нийт газар нутгийн 81.9% нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртжээ. Мөн Монгол, Хятад, Япон, Солонгосын судлаачдыг холбосон элсэн болон шороон шуурганы бүс нутгийн сүлжээг танилцуулж байна.

House of Friendship — Залуусын ногоон дуу хоолой. НҮБ-ын Нийгэмлэг, “Ханс Зайделийн сан”, “Конрад Аденауэрын сан” болон “Зүүн Хойд Азийн залуучуудын байгууллага” хамтран 12 хоногт 60 гаруй хөтөлбөр зохион байгуулж байна. Тэд 20 гаруй орны залуусыг нэгтгэж, Монголын 1000 орчим сурагчид цөлжилт, газрын доройтлын талаар оролцоонд тулгуурласан танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулж байна.

Хүүхдийг ивээх сан — Байгальд ээлтэй ирээдүй. Налайхад хүүхэд, оюутан, иргэдийн оролцоотой таван га ойн төглийг байгуулжээ. Өнгөрсөн жил тарьсан суулгацын 86 хувь нь амжилттай ургаж буй аж. Төслийн онцлог нь хүүхдүүд эхлээд экологийн боловсрол эзэмшиж, дараа нь өөрсдөө мод тарьдаг юм байна.

Томүжин сургууль — Хөөсөнцөр сандал болов. Ахлах ангийн сурагчид хөөсөнцрийг дахин боловсруулж сандал хийх, цаасны хэрэглээг бууруулах, цөлжилтийн шалтгааныг судлах төслүүдээ дэлгэжээ. Тэд асуудлыг ярьж тоочихоос илүү барьж аваад бодит шийдэл гаргаж, нийгэмдээ хэрэгтэй ногоон шийдэл, үзэл санаа тээдэг ажээ.

Техник, технологийн дээд сургууль ба GIZ — Хаягдал модыг дахин “амьдруулах” төслүүд. Багш, оюутнууд хаягдал модоор гэрийн тавилга хийх, модлог ургамлыг гэрийн нөхцөлд үржүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг сонгох аргыг үзүүлэв. Тус сургууль сэргээгдэх эрчим хүчний техникч бэлтгэх сургалтыг мөн хөгжүүлж байна. Шинжлэх ухааны сонирхолтой туршилтууд энэ павильонд өрнөж байна.

ММЕС — Зам дагуух NextStop Zero. Нарны станц, батарей, цахилгаан машины цэнэглэгч, дэлгүүр, байгальд ээлтэй инженерийн шийдэлэд түшиглэсэн  ногоон өртөөг Тасганы овоонд байгуулж буй. Дараагийн чиглэл нь Улаанбаатар–Замын-Үүд болон Тавантолгойн тээврийн маршрут байх аж.

Моннис групп — Цэнэглэгчтэй цэцэрлэгт хүрээлэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 автомашиныг зэрэг цэнэглэх “Ногоон өртөө”-г 500 сая төгрөгөөр байгуулжээ. Энэ онд нийслэлд 30 цэнэглэх цэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Макс групп — Усаа 99 хувь эргүүлэн ашиглана. Тус группийн шохойн үйлдвэр хэрэглэсэн усныхаа 99 хувийг буцаан ашиглах технологитой. Мөн органик сүүн бүтээгдэхүүн, баруун бүсийн эрчим хүчний төслөө танилцуулжээ.

“Рио Тинто”-гийн Өсөлт хөгжлийн төв — Хаягдлаас бүтээгдэхүүн. Тус төвөөс санхүүжилт, дэмжлэг авч бойжиж буй байгальд ээлтэй дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Гурилын шуудайг дахин боловруулсан цүнх, жимсний шүүс үйлдвэрлээд үлдсэн аньс, нэрс, чацарганы шахдасыг амттан болгон зах зээлд гаргажээ.

COP17-д монголчууд дэлхийд нүүдлийн өв соёлоос гадна эх дэлхийгээ хамгаалах үзэл санаа, төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлэхэр нэг дор дэлгэжээ. Ногоон бүсэд ирсэн хэн ч дэлхийн хэмжээний хурлын уур амьсгал, эх дэлхийгээ хайрлах хүсэл бодит шийдэл болж буйг мэдэрнэ. COP17-д ирж байгаль хамгаалал гэдэг холын том бодлого бус, хүн бүрийн сонголт, санаачилгаас эхэлдэгийг бодитоор харж мэдрээрэй.

Эцэст нь, Монгол Улс COP17-г амжилттай зохион байгуулж, олон улсад сайшаагдах нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ уг хурлыг хэчнээн төгрөгийн төсвөөр, ямар гэрээ, худалдан авалтаар зохион байгуулсныг асууж, хянах нь иргэдийн зүй ёсны эрх юм. Ялангуяа, авлигын эрсдэл өндөр манай улсад хурлын хөл үймээн, хөөр баярын цаана татвар төлөгчдийн мөнгө ковидын үеийн төсөв шиг тайлбаргүй, эзэнгүй замхрах вий хэмээн болгоомжлох нь үндэслэлтэй. Тиймээс COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хороо нийт төсөв, гэрээ, худалдан авалт, гүйцэтгэлээ нэг бүрчлэн нээлттэй тайлагнахад одооноос бэлтгэж байхыг сануулъя.

 

 
Сэтгэгдэл