Төсвийн тодотголд хавчуулсан 2 тэрбум ам.долларын шийдвэр
2026-08-26

ТӨК-иудын төрийн эзэмшлийг хэн удирдах, хувьцааг нь хэрхэн худалдах тухай том шийдвэр төсвийн тодотгол даган орж иржээ.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголыг дагуулан төрийн өмчит компаниудын эзэмшлийг өөрчлөх тогтоол УИХ-аар батлуулахаар оруулж ирлээ. Тодруулбал, иргэдийн хамтран эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой”, төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр” гэх зэрэг ТӨК-иудын удирдлага, төрийн эзэмшил болон хувьцааны хөдөлгөөнд нөлөөлөх том өөрчлөлтийг төсвийн тодотголтой хамт хэлэлцэх гэж байна. Гэхдээ одоогоор чухам ямар компаниуд дээр энэхүү өөрчлөлтийг хийх гэж байгаа нь ил тод бус байна. УИХ-аар тогтоол батлагдвал компаниудын нэрийг ил болгож мэдэх юм.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд гадаад улсын зах зээлд үнэт цаас гаргах зорилготой төрийн өмчит компаниудын хувьцааг багцлан эзэмших төрийн өмчит хөрөнгө оруулалтын санг компанийн хэлбэрээр байгуулна. Сангийн хөрөнгийг хоёр тэрбум ам.доллараас багагүй байна гэж УИХ-аар батлуулахаар бэлдсэн тогтоолын төсөлд бичжээ. Хоёр тэрбум ам.долларын хөрөнгийг төрийн өмчит компаниудын хувьцааны 20-иос доошгүй хувийг санд төвлөрүүлэх замаар бүрдүүлэх юм байна.

Тэгснээ менежментийг нь мэргэжлийн компаниар удирдуулж, улмаар сангийн хөрөнгийг олон улсын хөрөнгө биржид худалдах байдлаар төрийн өмчийн бүтцэд өөрчлөлт оруулна гэж төлөвлөжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг биржид хоёрдогч зах зээлийн арилжаанд оруулахаар төлөвлөсөн байна.

Энэ бол төрийн өмчийн төвлөрлийг задлах, хөрөнгийн биржид бүртгүүлэх замаар ТӨК-иудад шинэчлэл хийх олон жилийн хүлээлт билээ. Нэг ёсондоо том шийдвэр, урт хугацаанд үргэлжлэх өөрчлөлт.

Тэгэвч уг санд ямар компани орох, хувьцааг нь ямар үнээр тооцох, төрийн өмнөөс хэн шийдвэр гаргах, сангийн хувьцаанаас хэдийг гадаадын хөрөнгө оруулагчдад худалдах нь тодорхойгүй байна.

1,072 хувьцаа эзэмшигчдэд ч хамаатай 

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцаа эзэмшдэг иргэн бүр 2021 оноос хойш компанийн ногдол ашиг авч байгаа. 2025 оны байдлаар компани 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 65.5 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Нийт хувьцааны 26.4 хувийг Монгол Улсын иргэд, 73.5 хувийг төр, үлдсэн 0.1 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Шинээр байгуулах санд төрийн эзэмшилд байгаа хувьцаанаас шилжүүлбэл иргэдийн 1,072 хувьцаа хөндөгдөхгүй. Харин компанийн төрийн төлөөлөл, шийдвэр гаргадаг байгууллагын бүтэц өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, өнөөдөр төрийн эзэмшлийг “Эрдэнэс Монгол” нэгдэл төлөөлж байгаа бол цаашид тодорхой хэсгийг нь шинээр байгуулах сан удирдана гэсэн үг. Ингэснээр компанийн удирдах зөвлөлийг хэн томилох, олсон ашгаас хэдийг ногдол ашигт өгөх, хэдийг шинэ төсөлд зарцуулах зэрэгт хэн голлон нөлөөлөх вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Харин иргэдийн хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг биржээр худалдаж, зардаг болговол иргэд 1,072 хувьцаагаа өөрсдөө захиран зарцуулах боломжтой болно. Гэхдээ хувьцааг худалдах боломж нээгдлээ гээд иргэн бүр ашиг олохгүй. Хувьцаагаа хадгалсан нь ногдол ашиг авч, үнэ нь өсвөл үр шимийг нь хүртэнэ. Харин зарсан хүн эдгээр эрхээсээ татгалзана.

"Эрдэнэс тавантолгой" ХК-тай зэрэгцэн яригдах компаниуд бол “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” юм. Шинээр байгуулах санд ямар компаниудыг оруулах нь одоогоор нийтэд мэдэгдэхгүй байгаа. Гэхдээ ашигтай ажилладаг цөөхөн төрийн өмчит хуулийн этгээдүүд тул хоёр тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрүүлэхээр төлөвлөсөн сангийн хөрөнгийг бүрдүүлэхэд нэн түрүүнд энэ хоёр компанийн нэр жагсах нь эргэлзээгүй билээ. Гэхдээ аль алиных нь зохион байгуулалтыг нь өөрчилж, компанийн статустай болгож магадгүй юм. Хоёр үйлдвэрийн өмчийг шинэ санд шилжүүлбэл үйлдвэрийн удирдлагыг хэн томилох, ашиг орлогыг нь юунд зарцуулах, том хөрөнгө оруулалтыг хэн шийдэх гэх мэт бүхэл бүтэн тогтолцоо өөрчлөгдөнө.

Тиймээс төсвийн тодотгол дагуулж оруулж ирсэн энэ өөрчлөлт бол том шийдвэр юм. Гэтэл компаниудын нэр, үнэлгээ, төрд үлдэх эрхийг “нууц” хэвээр байлгаж, урьдчилан мэдээлэхгүйгээр УИХ-аар шийдвэр гаргуулна гэдэг байж боломгүй.

Төсвийн тодотголтой хамт оруулсны учир

Засгийн газар энэ өөрчлөлтийг төрийн өмчит компаниудын ажлыг сайжруулж, үнэ цэнийг өсгөх, хөрөнгө оруулалт татах зорилготой гэж тайлбарласан. Харин яагаад заавал төсвийн тодотголтой хамт батлуулах шаардлагатайг тайлбарласангүй. Төсвийн тодотголын баримт бичгээс бодлогын уялдааг нь харах гээд ч барсангүй.

Төсвийн тодотголоор, тасалдаад буй нэг их наяд гаруй төгрөгийн татварын орлогыг ТӨК-иудын ногдол ашгаар нөхөхөөр төлөвлөсөн. ТӨК-иудад баялгийн сан болон улсын төсөвт нийт 1.6 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр даалгажээ. Компаниудын хувьцааг шинэ санд шилжүүлэх, санг гадаадын компаниар удирдуулах, хувьцааг нь олон улсын биржид худалдах бэлтгэл 2026 оны татварын орлогын дутагдлыг шууд нөхөхгүй.

Нэг нь ойрын 3-4 сарын төсвийн тухай асуудал. Нөгөө нь нийтийн баялаг, төрийн өмч, том үйлдвэрүүдийн удирдлагад олон жил нөлөөлөх шийдвэр. Ийм хоёр өөр асуудлыг нэг хуулийн багцад багтаан яаравчлуулахын оронд тусад нь нээлттэй хэлэлцэх ёстой.

Төсвийн тодотголд хавсаргасан баримт бичгийг харвал Засгийн газар эхлээд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрүүлэх сан байгуулах эрхээ УИХ-аар батлуулж авахаар байна. Харин ямар компанийн, хэдэн хувийг нь хоёр тэрбум ам.долларын сангийн нэг хэсэг болгохоо дараа нь шийдэх нь.

Өөрөөр хэлбэл, УИХ тогтоолын төслийг баталснаар компаниудын нэр, үнэ, төрд үлдэх эрхийг мэдэхгүйгээр өмч шилжүүлэх хаалгыг эхэлж нээнэ гэсэн үг.

Ийн төрийн өмчийг төсвийн тодотголын хавчуурга болгон яаравчилж буй шалтгаанаа Засгийн газар тайлбарлах ёстой. Нийтийн өмчийн захиран зарцуулалт, 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх хөндөгдөж буй энэхүү асуудлыг хуулийн дагуу олон нийтийн, мэргэжлийн байгууллагуудын ил тод хэлэлцүүлэг дор шийдэх хэрэгтэй. Хоёр тэрбум ам.долларын нийтийн өмч гэдэг төсвийн тодотголд хавчуулаад батлуулах асуудал биш ээ, Ерөнхий сайд аа.

Сэтгэгдэл