
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажиллалаа.
Тиймээс ногоон бүсийн орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшиж буй газраа бодитоор ашиглахгүй байгаа зэрэг зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг цуцлахаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдэгдэв.

Тэрбээр “Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсийн 26 аманд газар ашиглалтын нөхцөл байдлыг шалгаж байна. Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй COP17 хурлаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ариг гамтай ашиглах талаар хэлэлцэгдэж байна. Энэ үед бид хотынхоо ногоон байгууламж, ойн санг хайрлах хэрэгтэй. Улаанбаатар хотьн нэг иргэнд 5.9 ам метр ногоон байгууламж ногддог нь олон улсын дунджаас бага үзүүлэлт. Иймд хотын ойн сан, зуслангийн бүсэд зориулалтын бусаар олгосон газруудын зөрчлийг арилгана. Ойн сан бүхий газарт 11 мянга гаруй нэгж талбарт газар олгосон байна. Үүнээс иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөлгүй барилга, хашаа барьсан, мод сүйтгэж барилга барьсан зэрэг зөрчилтэй 407 нэгж талбарын зөвшөөрлийг цуцалж байна.
Чөлөөлсөн газрыг дахин хашаалж, зориулалтын бусаар ашиглуулахгүй. Харин тус байршлуудад явган зам, ногоон зурвас, галын хамгаалалтын зурвас бий болгож, байгаль орчны даацад нийцсэн, иргэдэд нээлттэй, аюулгүй, хүртээмжтэй амралт, аяллын орчин бүрдүүлэх боломжийг судална. Үүнийг оршин суугчид болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран төлөвлөж, хэрэгжүүлнэ” гэв.





ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС