“Эрсдэл багатай хяналт шалгалтуудыг МХЕГ биш, мэргэжлийн холбоод нь хариуцах ёстой”
2022-03-24

         УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. төрийн зарим төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг энэ жилээс эхлэн 2024 он дуустал зогсоох уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Төсөлд тусгаснаар эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй. Харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийнэ. Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлнэ. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй гэж заажээ. Үүнээс гадна Монголбанкны, Санхүүгийн зохицуулах хорооны, гааль татварын, эрүүл мэнд нийгмийн даатгалын, хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалтуудыг зогсоохгүй байхаар зохицуулсан аж.

       “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд батлах шаардлагатай хэд хэдэн хуулийн төсөл бий. Үүний нэг нь дээрх хуулийн төсөл бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар чуулганы хуралдаанд танилцуулсан.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.

Х.Ганхуяг: Гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй гэнэ. Үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэхдээ баримталдаг стандартуудыг шалгалт хийхгүй гурван жилийн хугацаанд монголчилсоор байгаад үгүй болгочихно шүү дээ. Тэгээд 2025 оноос шалгалтыг сэргээхдээ бүх стандартуудыг хангуулна гээд явахаар нэлээд хэмжээний дарамт учрах юм биш үү.

Х.Нямбаатар: Хяналт шалгалтын тоогоо цөөлье гэдэг агуулгаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Аж ахуйн нэгж, байгууллагууд өнөөдөр ч гэсэн чанар, стандартыг сахин хангуулах үүрэг хүлээж байгаа. Гэм хор учирсан тохиолдолд чанар, стандартыг хангуулаагүйнхээ төлөө тухайн байгууллага хариуцлага хүлээдэг хууль, эрх зүйн үйлчилж байгаа. Түүнчлэн иргэдийн өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулах боломж нээлттэй хэвээр үлдэнэ. Зөвшөөрлийн, хяналт шалгалтын тогтолцоог аль алийг нь сулруулах шаардлага бий.

Ё.Баатарбилэг: УИХ-аас Засгийн газарт холбогдох чиглэл олгосон. Энэ нь төрөөс аж ахуйн нэгж, байгууллагуудад учруулж буй янз бүрийн шат дараалсан шалгалтууд, хүнд суртлыг багасгах чиглэлд ажилла гэсэн үүрэг юм. Гэтэл уг үүргийн дагуу боловсруулсан эл төсөлд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Хяналт шалгалтын байгууллагууд нь эрсдэлд чиглэн ажилладаг. Эрсдэл өндөртэй байгууллагуудад хийх шалгалтын давтамжаа ихэсгэдэг гэх мэт. Мэргэжлийн хяналтын байгууллага нь үүнтэй адилаар эрсдэлд суурилж, эрсдэлийн үнэлгээ нь өнлөр гарсан газруудад байнга шалгалтаа хийж байхаас өөр аргагүй. Хүнсний аюулгүй байдлын, эрүүл мэндийн үйлчилгээний, эм, эмнэлгийн хэрэгслийн гээд хүний өдөр тутмын амьдрал, амь настай холбоотой хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтынхан хийдэг. Дээр нь байгаль орчны хор хохирол, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэт. Эдгээр шалгалтыг гурван жилийн хугацаанд хийхгүй нь. Гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийнэ гэх юм. Гомдол гаргахгүй бол яах вэ.  

Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй

Х.Нямбаатар: Хяналт шалгалтын давхардлыг арилгах чиглэлээр Засгийн газраас хэд хэдэн ажлыг хийж байгаа. Тухайлбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барина. Мөн Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар бэлдсэн. Үүнд зарим төрлийн зөрчлийг хасаж тусгасан. Үүнтэй адилаар төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгаж, мэргэжлийн хяналтын байгууллага нэг л төрлийн хяналт шалгалтыг тухайн төрлийн аж ахуйн нэгжүүдэд хийдэг байдалд шилжихээр болж байгаа юм. Эрсдэлд суурилан хяналт шалгалт хийх нь боломжгүй. Бүх хяналт шалгалтыг эрсдэлтэй учраас л хийдэг.

Д.Сарангэрэл: Хамгийн сүүлийн статистик мэдээллээс үзэхэд 80 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Цар тахлын өмнө энэ тоо 127 000-д хүрч байсан. Тиймээс аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь чухал. Аль салбарыг нь эрсдэлтэй гэж хяналт шалгалта үргэлжүүлэх вэ. Мэдээллийг тодорхой өгөхгүй юү. Аж ахуйн нэгжүүдийн өөрийнх нь хүсэлтээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх боломжийг энэ хуулиар нээх хэрэгтэй.  

Б.Баасандорж (МХЕГ-ын дарга): МХЕГ болон түүний харьяа орон нутаг дахь байгууллагуудаас хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох юм. Төрийн хяналт шалгалт гэхээр зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын талаар ойлгодог. МХЕГ-аас гадна манайхаас байцаагчийн эрх авдаг 16 төрийн байгууллагад 1290 байцаагч бий. Тэгэхээр манайхтай нийлээд 17 байгууллага гурван жилийн хугацаанд төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд хяналт шалгалт хийнэ. Харин аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулахгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын бүх үйл ажиллагаа зогсох юм шиг ойлголт түгээд байна. МХЕГ нь зөвхөн төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэггүй. Төлөвлөгөөт хяналт шалгалт нь манай нийт ажлын 30 хувийг эзэлдэг. Үүнээс гадна төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тандан судалгаа, хяналт шинжилгээ хийдэг. Бусад улсын жишгийг харахад эрсдэл багатай хяналт шалгалтуудыг мэргэжлийн холбоод нь хариуцдаг. Харин хүний, нийгмийн аюулгүй байдал, байгаль орчин, дэд бүтэцтэй холбоотой буюу эрсдэл өндөртэйгээ төрийн хяналт шалгалт буюу мэргэжлийн хяналтын байгууллага нь хийдэг.  

Н.Наранбаатар: Хүний амь үрэгдсэний дараа хяналт шалгалт хийх юм байна

Н.Наранбаатар: Дэмжмээргүй хуулийн төсөл байна. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийнхээ амь насыг хамгаалах гэж, гал түймэр гарах, элдэв эрсдэл үүсэх, байгаль орчинд хортой аливаа үйл ажиллагааг зогсоохын тулд үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнээс биш аж ахуйн нэгжүүдийг торгох гэж биш. Осол, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд хяналт шалгалтыг эрх бүхий байгууллага хийнэ гэж заажээ. Хүний амь эрсэдсэний дараа хяналт шалгалт хийх юм байна. Гурван жилийн хугацаанд хяналт шалгалтыг зогсоосноор байгаль орчныг сүйтгэж байгаа тохиолдол, стандартгүй барьж буй барилга, хүнсний аюулгүй байдал, хоол үйлдвэрлэлийн эрсдэл улам нэмэгдэнэ.   

Н.Алтанхуяг: Энэ хуулийн төсөлтэй санал нийлж байна. Амьдрал мэдэхгүй байна л даа, ганзагын наймаанд явж үзээгүй, ганц үйлдвэр ажиллуулж байгаагүй хүмүүс. Мэргэжлийн хяналт бол хяналт биш, бодит байдал дээр тав, гурван төгрөгөөр аргалаад л өнгөрөөдөг. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоодог нь зөв. Гэхдээ хилийн хяналтыг сайжруулъя. Нэгэнт ороод ирсэн зүйлийг дэлгүүр дээр шалгаад яах вэ дээ. Аав, ээжүүд дэлгүүрт хүүхэдтэйгээ хамт орвол муудалцдаг. Тэрийг авна гэхээр эрүүл мэндэд муу учир болиулах гээд муудалцана. “Чипс” муу шүү дээ. Төрийн бодлого буруу байхаар гэр бүл дотор бөөн хэрүүл үүсдэг. Хэрэгтэй, хэрэггүй юмыг иргэн биш, Монгол Улс хилээр оруулж ирэх үед нь тодорхойлох ёстой. Гадаадад бүтээгдэхүүн экспортлох гэвэл эхлээд дээжээ явуулж, дараа нь тусгай бар кодоор нэвтрүүлдэг. Айлын хүмүүс ийм байна. Бид нар шиг аж ахуйн нэгжүүдээ шалгаад зовоод байх юм алга. Харин хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж болохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйл ажиллагаа явуулж байгаа газруудад дэмжлэг үзүүлж, зөвлөж ажиллах ёстой гэв.  

 

Иргэний үнэмлэх дээр 12 оронтой тоо бичих нь  

      Дараа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм.

        Хууль санаачлагч иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэх дээр ил харагдах байдлаар тусгаж, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар хуулийн төслийг боловсруулсан байна.

       Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.1 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

       УИХ-ын гишүүд “Иргэд аливаа үйлчилгээ үзүүлэхэд гар утас, регистрийн дугаар, гэрийн хаяг гэх мэт бүх мэдээллийг нь авдаг. Тэр бүгдийг нууцлах нь зөв. Гэхдээ үнэмлэх шинэчлэхдээ иргэдэд чирэгдэл багатайгаар хэрхэн зохицуулах вэ” хэмээн лавлаж байлаа. Мөн төрийн үйлчилгээ цахим болсноор иргэдийн хичнээн төгрөгийг хэмнэх талаар тодруулсан.

        Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нарын хариулснаар, жилд 100-120 мянган хүн шинээр иргэний үнэмлэх авдаг байна. Мөн гээж, үрэгдүүлсэн төдий тооны хүн үнэмлэх шинээр авдаг бөгөөд нийтдээ жилд 250 мянган иргэний үнэмлэх шинээр олговол паспортыг шинэчлэх ажил ойрын 3-4 жилд дуусна гэж төлөвлөж байгаа аж. Иргэний үнэмлэхийн чипэнд регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсэг, иргэн бүрт олгох төртэй харилцах мэйл хаягийг байршуулж, улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоог үнэмлэх дээр илээр хэвлэх аж. Төртэй харилцах мэйл хаягаар “Таны иргэний үнэмлэхийн, гадаад  паспортын хугацаа дуусаж байна, сонгууль өгөх ёстой, цэргийн зарлан дуудах хуудас ирсэн байна” гэх мэт мэдээлэл очих бөгөөд иргэд тэрхүү мэдээллээ гар утсаараа авч байх программ хангамж, техникийн асуудлыг УБЕГ шийдсэн аж.

     “E-Mongolia” системээс улсын бүртгэлийн 22 төрлийн лавлагаа, 72 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд хамгийн бага үзүүлэлтээр буюу иргэд автобусанд сууж очиж лавлагаа авах, банк очиж үйлчлүүлэх зардлыг багасгасан гэж үзвэл 30 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.

 

 

Сэтгэгдэл