
ДЦС-3 ТӨХК-д хийх гэж буй бүтцийн өөрчлөлт байгууллагын эрх ашигт үйлчилж байна уу, эсвэл албан тушаалын хэрэгцээнд үйлчилж байна уу? Сүүлийн жилүүдэд компанид бүтцийн өөрчлөлтүүд хэд хэдэн удаа хийгдэж, удирдах түвшний томилгоонуудтай давхцаж байсан нь ажилтнуудын дунд байгууллагын бодит хэрэгцээнээс илүүтэй тодорхой албан тушаал, томилгоонд нийцүүлэн бүтэц өөрчилж байна гэсэн шүүмжлэлийг бий болгож байсан. Тухайн үед томилогдсон зарим менежер хожим орон тооны цомхотголд орж, Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээнд заасан нөхөн олговор, тэтгэмжээ авч ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Гэтэл өнөөдөр тэдний нэг нь дахин удирдах албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсний дараа байгууллагын бүтцийг өөрчлөх асуудал сөхөгдөж байгаа нь байгууллагын эрх ашигт чиглэж байна уу, эсвэл тодорхой албан тушаалтай холбоотой юу гэсэн асуултыг бий болгож байна. Эрчим хүчний яам дээр байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гарч чиглэл хүргүүлэх хүртэл цалин урамшуулал, нэмэгдэлтэй холбоотой шийдвэр гаргахгүй байх, бүтэц орон тоо, ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулахгүй байх тухай албан бичгийг 2026 оны зургаадугаар сарын 09-нд ТӨХК-иудад ирүүлсэн. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, албан ёсны чиглэл ирүүлээгүй байхад бүтцийн өөрчлөлтийг хийх гэж байгаагийн зорилго юу вэ? Мөн энэхүү бүтцийн өөрчлөлтийн төслийг Эрчим хүчний яам боловсруулсан байж болзошгүй гэх эргэлзээг төрүүлж байна. Хэрэв үнэхээр компани өөрөө бүтэц, зохион байгуулалтаа боловсруулаагүй, гаднаас бэлэн загвар ирж байгаа бол төрийн өмчит компанийн засаглал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус байдлын талаар ноцтой асуулт гарч ирнэ.
“Энэ олон удаагийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт байгууллагын эрх ашигт зориулагддаг уу, эсвэл тодорхой нам, хүний албан тушаалын хэрэгцээнд зориулагддаг уу” гэсэн асуулт юм. Харамсалтай нь энэ асуултад өнөөдрийг хүртэл хэн ч ойлгомжтой, нээлттэй хариулт өгөөгүй байна. Төрийн өмчит компанийн удирдлага, томилгоо, бүтцийн өөрчлөлт нь улс төрийн болон хувь хүний ашиг сонирхлоос ангид, зөвхөн байгууллагын эрх ашиг, мэргэжлийн зарчимд тулгуурлах ёстой. Мөн ажилчдын ажлын байр, цалин, нийгмийн асуудал ч яригдана. Иймд бүтцийн өөрчлөлтийн үндэслэл, шийдвэр гаргах үйл явц, үр нөлөөний тооцоог олон нийт болон хамт олонд ил тод тайлбарлаж, үүсээд байгаа эргэлзээнд бодитой хариулт өгөхийг холбогдох байгууллагуудаас хүсэж байна. Миний зорилго хэн нэгнийг буруутгах бус, харин төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, шударга ёсны зарчим бодитой хэрэгжиж байгаа эсэх асуудлыг олон нийтийн анхааралд хүргэхэд оршиж байна.