СОР17: Монгол Улс юу хожив?
2026-08-29

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурал Улаанбаатар хотноо 12 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн баасан гарагт өндөрлөлөө. Эх дэлхийгээ сэргээж, итгэл найдвараа бадраая уриан дор нэгдсэн 196 улсын төлөөлөл 756 үйл ажиллагаанд оролцож, газрын доройтол, цөлжилт, гангийн нөлөөллийг бууруулах хамтын ажиллагаа, санхүүжилтийн шинэ хэлбэр, шийдэл, санал санаачилгаа хэлэлцэв. Тэгвэл төсвийнхөө 300 тэрбум төгрөгөөр зохион байгуулсан энэ хурлаас Монгол Улс юу хожив?

Монгол улс нийт таван их наяд төгрөгийн гэрээ, хэлцэл байгуулав. Энэ удаагийн хурлын үеэр дэлхийн хэмжээнд цөлжилттэй тэмцэх чиглэлээр 18 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт, санаачилга гарсан байна. Монгол Улсын хувьд ногоон төсөл, хөтөлбөрүүдэд чиглэсэн гэрээ, хэлэлцээр, санамж бичиг болон санхүүжилтийн амлалтын нийт дүн 1.48 тэрбум гаруй ам.доллар буюу таван их наяд төгрөгт хүрлээ. Үүнд:

  • Европын хөрөнгө оруулалтын банкны 200 сая евро: Европын хөрөнгө оруулалтын банктай эхлүүлсэн түншлэлийн хүрээнд Монгол Улсад 200 сая евро хүртэлх санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Санхүүжилтийг зөвхөн ойжуулалт хийхэд бус ойн тогтвортой менежментийг хөгжүүлэх, доройтсон газар нутгийг нөхөн сэргээх, био эдийн засгийг дэмжих, орон нутагт бизнес болон ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэхээр төлөвлөж байна.
  • Дэлхийн банкны 100 сая ам.доллар: Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк групп “Монголын тогтвортой эдийн засаг ба газрын нэгдсэн менежмент” буюу SMILE хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлж, газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, байгальд суурилсан шийдлийг хөгжүүлэхээр зорьж байна.
  • Улаанбаатар хотын 400 сая ам.доллар: Нийслэлийн Засаг даргын тамгын газар,  Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, BYD компани, Дэлхийн банк болон НҮБ-тай хамтран гэр хорооллын яндаг цөөлөх, нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, авто зам, ногоон байгууламж байгуулах зорилгоор 400 сая ам.долларын гэрээ хэлэлцээр байгуулав.

Монгол Улс 863 МВт-ын хиймэл оюун ухаанд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв байгуулах хөрөнгө оруулалтыг гэрээг 10 гаруй аж ахуйн нэгжтэй байгууллаа. Мөн уул уурхайн компаниудын 5000 га талбайд заг мод тарьж газрыг нөхөн сэргээхэд 130 сая ам.доллар, Монголын ногоон санхүүгийн корпораци болон "Хаан банк"-ны 50 сая ам.долларын хэлцэл багтаж байна. Үүнээс гадна Номин компани Богд хаан ууланд ан амьтдад зориулсан экологийн нүхэн гарцын ажлыг хоёр тэрбум төгрөгийн санхүүжилттэй хийхээр болсон. Энэ ажлыг манай улсад анх удаа хийх гэж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил Засгийн газар хамтарч татварын хөнгөлөлт урамшууллаар гүйцэтгэхээр болсон гэж "СОР17"-ийн хаалтын үеэр онцоллоо. 

Монгол Улсын санаачилсан “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” олон улсын түвшинд гарч, төслүүдийн нийт үнэлгээ 1.2 тэрбум ам.долларт хүрлээ. Ингэснээр бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах чиглэлд UNCCD-ийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтын хөдөлгөөн эхэлж байна. Энэ санаачилга нь бэлчээрийг зөвхөн байгаль хамгааллын асуудал бус, хөрөнгө оруулалт, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэржилтийн стратегийн чухал салбар болохыг дэлхий нийтэд харууллаа. COP17-оор Монгол Улс бэлчээрийн тогтвортой менежментэд чиглэсэн бодит хөрөнгө оруулалтын шинэ эхлэлийг тавьж чадлаа гэж албаныхан мэдээлж байна.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар 5.4 тэрбум төгрөгийн орлого олжээ.  Манай улс зочид буудлын үйлчилгээгээр дамжуулан 5.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэв. Мөн 182 улсын зочид, төлөөлөгчдөд үйлчилгээ үзүүлж, 87,000 гаруй хүн ресторан, зоогийн газраар үйлчлүүлж, 3,543 ажилтан ажилласан гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд У.Сандаг-Очир танилцууллаа.

Ийнхүү “COP17”-г зохион байгуулсан нь Монгол Улсын байгаль орчны асуудлыг олон улсын түвшинд гаргаж, зөвхөн хөрөнгө санхүүжилт татахаас гадна нүүдлийн мал аж ахуй, уламжлалт мэдлэгээ олон улсын бодлогод тусгуулах, бэлчээрийн нөхөн сэргээлтийн төслүүдэд санхүүжилт татах, ус, хүнс, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон боломж нээгдэнэ гэдгийг онцолж байна. Харин эдгээр боломжийг бодит үр дүн болгохын тулд ирэх хоёр жилийн хугацаанд даргалагч орны хувьд COP17-ын үеэр эхлүүлсэн уулзалт, санаачилга, амлалтуудыг хурлын дараа санхүүжилттэй төсөл, хамтын ажиллагааны гэрээ, үндэсний бодлогын өөрчлөлт болгон үргэлжлүүлэх үүрэг хүлээлээ. Товчхондоо дээрх амлалт болон гэрээ, хэлцлүүдийг төсөл болгож, хэрэгжүүлж чадах эсэх нь Монгол Улсаас хамаарах нь ээ.

Харин дараагийн СОР18 хурлыг Египет улсад зохион байгуулах шийдвэр гараад байна.

Сэтгэгдэл