Төсөв өссөн ч эрхийн боловсролд хүрэхгүй нь
2026-08-29

Наймдугаар сард COP17-ийн хөл хөдөлгөөнд дарагдаж чимээгүй өнгөрсөн нэг чухал үйл явдал бол ирэх оны төсвийн олон нийтийн хэлэлцүүлгүүд байв. Төсөв бол иргэдийн эрх өдөр тутамдаа хэр хангагдаж байгаад тун их хамааралтай сэдэв. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Монголчуудын сонгогчийн боловсрол хэр сайжирсныг үнэлдэг жил. Харин 2027 оны төсөв бол төр сонгогчийн болон хүний эрхийн боловсролыг хэр зэрэг чухалчилж байгааг дүгнэх нэг шалгуур юм.

Ирэх оны төсөвт ХЭҮК-ийн зардал 2026 оныхоос дөрөв дахин өсөж, ₮42 тэрбумд хүрчээ. Үүний 60% буюу ₮25.1 тэрбумыг өөрийн гэсэн байртай болоход зарцуулна. СЕХ-ны төсөв мөн ₮110.8 тэрбумд хүрсэн нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Зөвхөн сонгууль зохион байгуулахад ₮60.8 тэрбум зарцуулахаар тооцжээ.

ХЭҮК: Иргэн эрхээ мэдэхэд зориулсан төсөв хэд вэ

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидийн танилцуулснаар 2027 оны төсөвт эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаанд зориулан ₮1.3 тэрбумын санхүүжилт нэмэгдсэн байна. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нь тусгай сэдэв, тодорхой чиг үүрэгт хамаарна. Харин хүүхэд, залуучууд, малчид, ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг нийгмийн бусад бүлэгт эрхээ мэдэх, хамгаалах боловсрол олгох ажил үүнд хамаарахгүй.

ХЭҮК-ын төсөвт бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд ₮809 сая орчим тусгажээ. Энэ зардлын тодорхой хэсгээр олон нийтийн хүний эрхийн боловсролыг санхүүжүүлдэг. Хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК хүний эрхийн боловсролын ажлаа өнгөрсөн 25 жилд голдуу донор, олон улсын байгууллагын дэмжлэгээр явуулсныг Д.Сүнжид онцолсон. ХЭЗК-ын хуулиар хүлээх чиг үүрэг нэмэгдэж, хүний эрхийг хангах гурван механизмын хэрэгжилтэд зориулсан төсөв нэмэгдээгүй. Төр өөрт хүлээсэн үүргээ иргэний нийгэм, хүний эрхийн активистуудын сайн дурын зүтгэлээр нөхдөг байдал ирэх онд ч үргэлжлэхээр байна.

СЕХ: Төсвийн 1% нь л сонгогчийн боловсролд

СЕХ 2027 онд сургалт, дадлага, бэлтгэл болон мэдээлэл, сурталчилгаанд нийт ₮1.33 тэрбум төлөвлөжээ. Энэ нь нийт төсвийн 1.2%. Харин парламентад суудалтай улс төрийн намуудад олгох санхүүжилт ₮7.5 тэрбум гэж тооцжээ. Төр намуудад санхүүжилт олгох, сонгогчийн боловролыг дээшлүүлэх аль аль үүргийг хүлээдэг.

Гэвч 2026 онд сонгогчийн боловрол олгох зардлыг 98%-иар хасаж баталсан гэдгийг “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Мандхайхатан хэлэлцүүлгийн үеэр хэлж байв.

Тэгвэл “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал “Сонгогчийн боловсрол хангалтгүй байгааг олон удаагийн судалгаа харуулдаг. Энэ чиглэлийн санхүүжилт бол “ирээдүйд оруулах хөрөнгө оруулалт” гэдгийг онцолжээ.

Төрийн түшмэд саналын хуудсыг хэрхэн бөглөхийг зааварчилж буйгаа сонгогчийн боловсрол олгож байна гэж үздэггүй л байлтай. Нэр дэвшигчийн амлалтыг үнэлэх, сонгуулийн тогтолцоогоо ойлгох, худал мэдээллийг ялгах, саналаа чөлөөтэй өгөх мэдлэг олон нийтэд хэрэгтэй байна. Гэтэл үүнийг сонгуулийн өмнөх хэдэн сарын сурталчилгаагаар орлох боломжгүй билээ.

Иргэний нийгэм бол үнэгүй ажиллах хүч биш

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар хүний эрхийн боловсролыг төр, үндэсний хүний эрхийн байгууллага, сургууль, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын түншлэлээр хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Нэг ёсондоо, эрхийн боловсрол бол доноруудын төсөл, активистуудын сайн дурын нуруун дээр удаан явдаггүй. Харин төр иргэний нийгэмтэйгээ эрх тэгш түншилж байж амжилт олдог гэсэн үг. 

Эцэст нь, 2027 оны төсөвт олон нитийн эрхийн боловсролын хэрэгцээг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн нь сайн ч бүх нийтэд чиглэсэн санхүүжилт, түншлэлийн механизмгүй бол эрхийн боловсролд зориулсан төсөв иргэнд хүрэхгүй юм.

 
Сэтгэгдэл