
|
|
|
Ирэх оны төсвийн төслийг дагалдуулан оруулж ирсэн хуулиуд дотор “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” гэх зөвхөн 2027 онд хэрэгжээд дуусах нэг удаагийн хууль орж ирсэн. Энэ хуулийн зорилго бол ОТ-с хуримтлагдсан ногдол ашиг болох ₮3 их наяд төгрөгийг төсвийн сахилга батаас гадуур зарцуулахад зориулсан гэж хэлж болохоор аж. |
|
ОТ-н ногдол ашгийн ₮1 их наядыг Хуримтлалын санд иргэдэд шилжүүлж, үлдсэн ₮2 их наядыг улсын төсөвт авч, 40%-ийг эрчим хүч, 29%-ийг боловсролд, үлдсэнийг боомт, эрүүл мэнд, зам, хөдөө аж ахуй зэрэг салбарт зарцуулахаар Засгийн газар төлөвлөжээ. Мэдээж хэрэгтэй бүтээн байгуулалт. |
|
Гэтэл энэ тусгай хуулиар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хоёр заалтыг мөрдөхгүй гэжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2 -оор тендэрийг 5-р сарын 31-нээс өмнө дуусгах, хугацаандаа амжаагүй төслийн мөнгийг төсвийн хэмнэлтэд тооцох ёстой. Харин шинэ хуулиар тендэр оройтсон ч мөнгийг нь буцаахгүй, тусгай дансанд үлдээх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хэрэгжихэд бэлэн эсэх нь тодорхойгүй төслүүдэд мөнгийг урьдчилан “хадгалж” өгөх гэж байна. |
|
Үүнээс гадна ₮2 их наядын зарлагыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагад мөн тооцохгүй. Төсвийн сахилгыг мөрдөхгүй, төрийн хэмнэлтийн хуулийг тойрч гарахаар санаархсан эл хуулийг оруулж ирснээрээ Засгийн газар парламентын хяналтыг сулруулж буй юм. Хэрэв УИХ энэ хуулийг дэмжихгүй бол ард түмэнд хэрэгтэй сургууль, эмнэлэг, станцын төслүүдийг гацаасан нэр зүүнэ. Хэрэв дэмжвэл төслийн сахилга батаа уландаа гишгэж, хяналтгүй төсвийн зарцуулалтыг өөрөө зөвшөөрч байна гэсэн үг. |
|
Оюу толгойн ногдол ашиг жил бүр ₮2–3 их наядаар орж ирэх баталгаа байхгүй. Гэтэл 2027 онд эхлүүлэх төслүүдийг 2028, 2029 онд ямар мөнгөөр үргэлжлүүлж, дуусгах нь тодорхойгүй. Нийт өртөг нь хэд болж нэмэгдэх, дараа жилийн төсөвт ямар ачаалал үүсгэх тухай тооцоо ч алга. |
|
“Ард түмний баялаг” хэмээн зарласан мөнгө дуусаагүй төсөл, төсвийн дарамт, шинэ өр болж хувирах вий дээ. Баялгийн хараал чухам эндээс эхэлдэг шүү, Ерөнхий сайд аа. |