
2027 оны төсвийн зарлагыг зөвхөн мөнгөөр хэмжиж ярих нь өрөөсгөл. Хүнээр хэмжвэл яагаад зарлагыг ингэж их тэлсний шалтгаан жаахан ч гэсэн тодорно.
Ерөнхийлөгчийн сонгуультай жилд 430 мянга гаруй ахмадын тэтгэвэрээс гадна төсвийн байгууллагуудын ажилчдын цалинг нэмэгдүүлнэ. Тэдний дунд боловсрол, эрүүл мэндийн салбарын 130 мянга гаруй ажилтан бий. Нийгмийн хамгаалал, цалингийн шийдвэрүүд олон мянган өрхийн орлогод шууд хүрнэ. Цалин, тэтгэврийг нэмэх бодит хэрэгцээ бий. Гэвч сонгуулийн жил, хамрагдах хүний тоо, нэмэгдүүлсэн мөнгөний хэмжээ зэрэг нь эдгээр шийдвэрт нийгмийн хэрэгцээнээс гадна сонгогчдын дэмжлэг авах улс төрийн тооцоо орсон уу гэж асуух нь зүй юм. Яагаад гэвэл, сонгуультай жилийн нэмэгдлийн цаадах тоонууд учиртай, улс төрийн ашигтай байж мэдэхээр байна.
Төсвийн зарлагын бараг ¾-ийг Засгийн газрын зарлага буюу сайд нарын төсөв эзэлж байна. Засгийн газрын зардал 2027 оны төсвийн жилд ₮8.1 их наядаар тэлсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлагын тэлэлтийн 85%-ийг сайд нарын төсөв бүрдүүлжээ. Тэр дундаа Боловсрол, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Сангийн сайд нарын төсөв их наяд давж тэлсэн бол Эрчим хүч, Эрүүл мэндийн сайд нарын төсвийг хагас их наяд давуулан өсгөсөн байна.
Хамгийн том эрсдэл нь урсгал зардал ₮33.6 их наяд болж нэмэгдсэн явдал. 2026 оны тодотгосон төсвийн нийт зарлага болох ₮34 их наядтай бараг дүйв. Өнгөрсөн жилийн бүтэн төсөвтэй тэнцэх мөнгийг одоо зөвхөн төрийн өдөр тутмын үйл ажиллагаа, цалин, тэтгэвэр, шилжүүлэгт зарцуулах нь. Түүхий эдийн үнээс хамаардаг, жил бүр давтагдах баталгаагүй орлогоор буцаан танахад хэцүү цалин, тэтгэврийн зардлыг өсгөж буйгаараа Н.Учралын Засгийн газар Венесуэлийг сүйрүүлсэн Уго Чавесийн бодлогын алдааг эхлүүлчихээгүй биш байгаа даа.
Уго Чавес газрын тосны үнэ өндөр үед “баялгийг ард түмэнд” хэмээн уриал газрын тосны төрийн өмчит PDVSA компанийн орлогыг цалин, татаас, нийгмийн хөтөлбөр тэлэхэд замбараагүй зарцуулж ирсэн. Гэтэл газрын тосны үнэ унаж, PDVSA компанийн орлого багасахад Уго Чавесийн амлалтыг санхүүжүүлэх мөнгө дууссан. Энэ сургамж бол баялгийн орлогыг иргэдэд хүргэхдээ боловсрол, эрүүл мэндийн чанар, дэд бүтэц, хуримтлал болон эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулахын оронд сонгуулийн өмнөх цалин, тэтгэмжийн өсөлтөд шингээвэл баялаг дууссан ч төлөөс нь улс орныг элгээр нь хэвтүүлдгийг харуулдаг. Н.Учралын Засгийн газар баялгийн гэнэтийн орлгыг байнгын зардал болгож буй шийдвэрээрээ Уго Чавесийн алдааг давтаж болзошгүй замын эхэнд зогсож байна.
Түүхий эдийн үнийг Монгол Улс удирдаж чадахгүй, харин нэгэнт нэмсэн байнгын зардлыг бууруулах амаргүйг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр ч сануулж буй.