
2027 оны төсвийн орлогын хамгийн том өөрчлөлт бол төрийн компаниудын ногдол ашгаар нийт орлогынхоо бараг 20 орчим хувийг бүрдүүлэхээр шийджээ. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг ₮40.7 их наяд төгрөгт хүрнэ гэж шийдсэн байна. Ногдол ашгийн орлогыг задалж харвал,
Энэ удаагийн өөрчлөлтийн сайн тал нь, ТӨК-иудын орлогыг улсын төсөвт төвлөрүүлж буй нь засаглалын хувьд чухал өөрчлөлт. Байгалийн баялгийн орлого УИХ, аудит, олон нийтийн хяналтад орох боломж нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ баялгийн сайн засаглал гэдэг нэгэнт орж ирсэн орлогыг хэр зэрэг зөв зарцуулж буйгаар хэмжигддэг билээ.
❓Харин татварын орлогыг хэр бодитой тооцсон бол?
Татварын орлогыг 2027 онд ₮33 их наядад хүргэж, энэ оныхоос ₮3.9 их наядаар нэмэгдүүлэхээр тооцжээ. Өсөлтийг орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ болон онцгой албан татвараар голлон бүрдүүлнэ.
Гэвч 2026 онд татварын орлого төлөвлөснөөс ₮1 их наяд гаруйгаар тасалдаад буй. Ийм нөхцөлд дараа жилийн татварын орлогыг бараг ₮4 их наядаар өсгөн тооцсон нь төсвийн хамгийн өөдрөг таамаглалын нэг болж байна. Салбарын яам цалин тэтгэврийн нэмэгдэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮1 сая болсноос гадна богино хугацаанд хэрэглээ өсөхийн хэрээр татвар нэмэгдэнэ гэж тооцсон бололтой. Гэсэн хэдий ч иргэдийн бодит орлого инфляцад идэгдэж буй нөхцөлд эдийн засгийн бодит чадавх сайжирсны баталгаа болохгүй. Тэгэхээр татварын тооцоолол хэр зэрэг бодитой вэ гэдэг эрхгүй эргэлзээ дагуулна.
Харин өнгөрсөн хавар баталсан татварын багц хуулийн өөрчлөлт ирэх жилээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор ААНОАТ, ХХОАТ, НӨАТ, гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд ₮1.8 их наядын зарлага төлөвлөжээ. Гэхдээ энэ нь 2026 оныхоос 107.1 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.
⛏️ Төсвийн орлогын өөдрөг төсөөллийн бас нэг тал нь түүхий эдийн үнэ. Нийт экспорт $20.3 тэрбум, гадаад худалдааны ашиг $6.4 тэрбумд хүрэх бөгөөд тэр дундаа эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт 8%-иар өснө гэж тооцоолжээ.
Гэхдээ эрсдэл нь нүүрсний үнэ 10%-иар буурахад төсвийн орлого ₮560 тэрбум, зэсийн үнэ 10%-иар буурахад ₮410 тэрбумаар тасрана гэж үзжээ.
З.Цэлмэг