Н.Учралын учраанууд
2026-09-12

Нам дамжсан улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашиг энгийн иргэдийн амьдрал ахуй, улс орны ирээдүйн хөгжилд том гацаа болж байна. Ард түмний ахуй амьдрал өдрөөс өдөрт дордож байхад эрх баригч намынхан, сөрөг хүчинтэйгээ хамт сандал суудлын төлөө ил цагаан тэмцэлдэж эхэллээ. Засгийн газар нь ч мөн ялгаагүй өөрсдийнхөө эрх мэдлийг авч үлдэхийн тулд төсөв мөнгөний бодлогоо үл хайхран ард түмний нэрийг барин попорч байна. Гэхдээ энэ дөнгөж эхлэл нь гэж бодохоор энэ намар ч их юм үзэх бололтой.

Намрын чуулганаар Н.Учралын Засгийн газрыг огцруулна гэдэг улс төрийн акц өнгөрсөн  хавраас эхэлсэн. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын бүлгийн 42 гишүүнийн 40 нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан бөгөөд намрын чуулган эхлэнгүүт өргөн барихаар зэхэж байна. Энэ бол Н.Учрал Ерөнхий сайдын сөрөг хүчинтэйгээ нүүр тулах том учраа байж таарна.

Гэтэл намрын ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд Н.Учрал хүндхэн учраатай тулав. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт ээлжит бус чуулган нээж, төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. Ингээд долоо хоногийн эхээр төсвийн тодотгол тойрсон шүүмжлэл, маргаан улс төрийн хүрээнд өрнөсөн. Засгийн газар төсвийн тодотголыг оруулж ирэхдээ 1.4 их наядыг хэмнэсэн гэж мэдэгдсэн ч бодит байдал дээр зардлаа нэг их наядаар нэмэгдүүлсэн байна. Энэ нэмэгдүүлсэн зардлаа багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтвэвэр, эрчим хүчний салбарт зарцуулахаар төлөвлөжээ. Гэтэл энэ төсвийн тэлэлт нь инфляцыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг улам дордуулах эрсдэлтэй гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Монголын банкны холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт харуулж байна.

  • Үндэсний аудитын газар: Төсвийн тодотголын төсөлд ахмад настны орлогыг дэмжих, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, хүнс, эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөхдөө нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2,048.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр төлөвлөсөн нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь өрхийн орлого, эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй хэдий ч инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Иймд цалин, тэтгэврийн нэмэгдлээс үүдэх төсвийн зарлагын өсөлтийн инфляцад үзүүлэх нөлөөллийг тооцож, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах нь зүйтэй байна.
  • Монголын банкны холбоо: Төсвийн тодотгол төрийг дагасан тодорхой бүлгийг дэмжиж байна. Харин хувийн салбарт байгаа хүмүүсийн амьжиргаа улам дордоно. Оны эцэс гэхэд инфляц 18 хувьд хүрч, иргэдийн амьжиргаа доройтох эрсдэлтэй байна.
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөл: Төсвөөр эдийн засаг, нийгмийн тулгамдсан бүх асуудлыг шийдэх гэж оролдох, төрийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын алдаа хэвээр үргэлжилсээр байна. Гадаад дотоод орчны нөлөөлөлд өртөмтгий эмзэг эдийн засгийн бүтэцтэй болсон нь олон жилийн улбаатай нь үнэн боловч үүнийг дан ганц төсвийн бодлогоор шийдвэрлэх боломжгүй гэдгийг ойлгож өөрчлөх нь зүйтэй. Харин хувийн хэвшил суурьтай эдийн засаг бий болгох, хувийн хэвшлийг бодитой дэмжих, эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах нь эдийн засаг нийгмийн суурь асуудлыг шийдвэрлэх гарц гэж үзэж байна.

Мэргэжлийн байгууллагууд ийнхүү анхааруулсан ч Засгийн газрын зүгээс зах зээлд нэг их наяд төгрөг нийлүүлснээр инфляци нэмэгдэхгүй. Харин ч царцсан эдийн засагт мөнгө нийлүүлснээр эдийн засгийг идэвхжүүлнэ гэж мэдээлсэн. Ийнхүү Ерөнхий сайд ээлжит бус чуулганы эхний учраагаа яг давах гэж байтал ээжийнхээ сургуульд төсвөөс санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна гэх асуудал үүсэв. Асуудлыг анх Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал гаргаж хэлсэн ч Боловсролын яамнаас тодорхой хариу өгөөгүй. Харин удалгүй Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Их засаг кинг сургууль хүсэлт өгсөн. Хүсэлт өгсөн сургуулиудыг судалж байгаад төсвөөс хувьсах зардлын санхүүжилт олгоно гэж мэдэгдсэн нь гал дээр тос нэмлээ. Мөн Саранчулуун нарын гишүүд байнгын хорооны хурлын дараа референтээс төсвийн задаргааг шаардаж авахад “Их засаг кинг” сургуульд төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох төлөвлөгөө орсон байна гэх баримт үзүүлэв.

Ингээд эцэст нь АН-ын ажлын албаны дарга Б.Энхмөнх Ерөнхий сайдыг шалгуулахаар АТГ-т өгсөн бол Ерөнхий сайд өөрийн асуудлаа шалгуулж, нэрээ цэвэрлэх зорилгоор мөн л АТГ-т хандсанаар өнгөрсөн долоо хоногийн “тоглолт” дууслаа. Үнэхээр Ерөнхий сайдыг гүтгэн улс төржиж байна уу? Эсвэл Ерөнхий сайд өөрөө мэлзэж байна гэдэг нь тун удахгүй АТГ-ын шалгалтаар тодорхой болно гэж найдъя.

Гэхдээ нэг зүйл тодорхой байна. Намрын улс төрийн дөнгөж эхэлж буй нь энэ. Ээлжит бус чуулганы долоо хоногийн хугацаанд Ерөнхий сайд Н.Учралыг АТГ-т яаран гүйж очтол нь сандаргалаа. Маргааш намрын ээлжит бус чуулган эхэлнэ. Н.Учралын учраанууд ар араасаа гарч ирэх нь ойлгомжтой. Харин энэ бүхэнд ямар хариу үйлдэл үзүүлж, хэрхэн давж гарах нь Ерөнхий сайдаас шалтгаална.

Сэтгэгдэл