Боловсрол дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн будилаан
2026-09-13

Есдүгээр сарын 1-нд Хан-Уул дүүргийн таван ЕБС-ийн 500 гаруй сурагч “Эрдэм Нова” сургуулийн хаалгаар оржээ. Сурагчид элсэхдээ зорилгоо тодорхойлсон эссе бичжээ. Тэд хувийн сургуулийн сурагч болсон уу, эсвэл хувийн байгууллагын хөтөлбөр, менежментээр суралцах улсын сургуулийн сурагчид болов уу? Төрөлжсөн ахлах сургууль байгуулах шийдвэр эхний өдрөөсөө энэ асуултад тодорхой хариулсангүй.

“Их засаг кинг” сургуультай холбоотой дуулиан ч үүнээс улбаатай шүү дээ. Наанаа төрийн өндөр дээд албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, улстөрчдийн тэмцэл мэт харагдаж байж болно.

Гэтэл энэ бүхний үр дагаварыг олон мянган хүүхэд, гэр бүл үүрч, яахаа мэдэхгүй чимээгүй яваа.

Засгийн газар 2026-2027 оны хичээлийн жилд “төрөлжсөн ахлах сургууль”, “хотхоны бага сургууль” зэрэг хөтөлбөрт 60 мянган хүүхдийг хамруулж, сургуулийн ачааллыг бууруулахаар болсон. Үүний тодорхой хэсгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ нь “Эрдэм нова”. Tsahiur.mn-ийн олон нийтийн сүлжээнд ил болгосон мэдээллээр тус сургуульд 1 сурагчийн сургалтын төлбөрийг ₮5.5 саяар тооцон, нийт 660 хүүхэд сургахаар төлөвлөжээ.

Улсын сургуульд суралцаж байсан хүүхэд гэнэт хувийн сургуульд суралцах болсон эл шийдвэр нь Засгийн газрын 300 дугаар тогтоол  юм. Улсын их баяр наадмын амралтын өмнөхөн амжиж баталсан уг тогтоолын 1.4-т хувийн сургуулийн сул хүчин чадалд улсын сургуулийн хүүхдүүдийг шилжүүлж, нэг сурагчид ногдох суурь хувьсах зардлыг тохируулан санхүүжүүлэхийг шууд даалгасан. 1.5-д хувийн өмчийн сургалтын байрыг түрээслэх зардлын тооцоо, санхүүжилтийн саналыг хуульд нийцүүлэн салбарын сайд, нийслэлийн засаг дарга нар шийдвэрлэхээр заажээ.

Төрөлжсөн ахлах сургуультай болсноор хүүхдийг сонирхсон чиглэлээр нь эрт мэргэшүүлэх, их, дээд сургуульд элсэгчдийн чанарыг сайжруулах, алсдаа улс орны хүний нөөцийн бодлогод ч үр өгөөжөө өгөх олон давуу тал бий. “Гэхдээ боловсрол бол төсөв санхүү, аж үйлдвэрээс огт өөр, хүний нийгмийн салбар. Олон хүүхэд, гэр бүлд нөлөөлөх том шийдвэр тул үүнд бэлтгэл муутай, хөнгөн хуумгай хандаж болохгүй”-г “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч, боловсрол судлаач Д.Тунгалаг анхааруулав.

Тэрбээр “Төрөлжсөн ахлах сургуулийн бодлогын судалгаа, хүүхдийн эрхийн нөлөөллийн үнэлгээ, дам нөлөөллийг тогтоох, олон нийтийн хэлэлцүүлэг, туршилт хийгдээгүй байхад хавар нь зарлаад намар нь хэрэгжүүлж байна. Байр нь ч бэлэн бус байна шүү” гэв. Мөн ямар шалгаруулалтаар хэрхэн яаж хувийн сургуулиудыг сонгож байгаа нь ил тод бус, олон нийтийн оролцоогүй шийдэгдэж байгаад иргэний нийгмийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж буй аж.

Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хэлснээр хувийн сургуулиудад 12 мянган суудал сул байгаа. Гэхдээ нэг сургууль л гэхэд сурагчдыг 500-600-аар нь багтааж байгаа нь төр хүч түрээд хувийн сургуулийн элсэлтийг хаагаад байна уу эсвэл угаас элсэлтгүй болж зах зээлийн жамаараа дампуурах гэж байсан сургуулийг төсвийн мөнгөөр тэжээх гэсэн ашиг сонирхол уу гэсэн хардлага төрнө. Шалгаруулалт, гэрээнүүд ил тод биш нөхцөд төр хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор төсвийн мөнгөөр хувийн сургуулиудыг тэтгэх эрсдэл бодитой юм. Дээрээс нь сурагчдыг эссе бичүүлэн элсүүлж авч байгаа бол үлдэж хоцорсон улсын сургуулийн олон жилийн хөдөлмөр юу болж үлдэх вэ.

Тиймээс Боловсролын яам төрөлжсөн ахлах сургуулийн бодлогоо, хэрэгжүүлэх арга механизм, хувийн хэвшлийн оролцоо, төсөв мөнгөний зарцуулалтаа ил тод болгох ёстой. Боловсролын чанар ба зааг ялгаа, олон мянган хүүхдийн сурах эрх, аюулгүй байдалтай холбоотой том шийдвэрт бушуу туулай борвиндоо баастай мэт аашлах эрх Боловсролын сайдад байхгүй.

Сэтгэгдэл