МЭДЛЭГ: Цалин нэмэгдсэн ч хүрэлцээгүй хэвээр үү? (3/10)
2026-09-13

Таны цалин 20 хувиар нэмэгджээ. Баяртай мэдээ. Гэхдээ дэлгүүр орох үед урьд нь дүүрдэг байсан сагс тань талдаа л орж байна. Цаасан дээрх тоо өссөн ч, бодит амьдрал дээр яагаад улам "дордоод" байгаа мэт мэдрэгддэг вэ? Үүнийг ойлгохын тулд эдийн засгийн хамгийн чухал хоёр ойлголтыг ялгаж сурах шаардлагатай.

  • Нэрлэсэн утга (Nominal value): Таны дансанд орж ирж буй мөнгөн дүн буюу цаасан дээрх тоо.

  • Бодит утга (Real value): Тэрхүү мөнгөөр та хэр их бараа, үйлчилгээ худалдаж авч чадах вэ буюу худалдан авах чадвар.

Мөнгөний жинхэнэ үнэ цэнэ нь тоондоо бус, түүгээр юу авч чадаж байна вэ гэдэгт оршдог. Энд л инфляци буюу бараа, үйлчилгээний ерөнхий үнийн өсөлт тоглоомд орж ирнэ. Таны цалин 1 сая төгрөгөөс 1.2 сая төгрөг болж, 20%-иар өссөн гэж бодъё. Энэ бол таны нэрлэсэн орлогын өсөлт юм. Гэтэл яг энэ хугацаанд зах зээл дээрх инфляци 25% байвал яах вэ? Талх, сүү, түрээс, шатахууны үнэ дунджаар 25 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Үр дүнд нь таны цалингийн тоо өссөн хэдий ч, зах зээл дээрх үнийн өсөлтийг гүйцэж чадсангүй. Таны бодит орлого буюу худалдан авах чадвар 5%-иар буурчээ. Та өмнөхөөсөө их мөнгө тоолж байгаа ч, өмнөхөөсөө бага зүйл хэрэглэж байна. Таныг ядуурч байна гэж мэдрүүлдэг гол буруутан нь энэ юм.

Макро эдийн засагт ч ялгаагүй

Энэхүү төөрөгдөл нь зөвхөн өрхийн төсөв дээр бус, улсын эдийн засагт ч явагддаг. Засгийн газраас "Манай улсын эдийн засаг (ДНБ) 15 хувиар өслөө!" гэх мэтээр зарлах нь бий. Гэхдээ тухайн жилд инфляци 13 хувь байсан бол, бидний бодит өсөлт ердөө л 2 хувь орчим байна гэсэн үг. Үлдсэн 13 хувь нь зүгээр л үнийн хөөсрөлт байжээ. Мөн арилжааны банкинд мөнгөө хадгалахдаа ч хүүг нь 13 хувь гэж бодож байтал өнөөдрийн байдлаар Монгол улсын инфляцийн түвшин 12.5 хувьтай байна. Энэ нь таны мөнгөний бодит өгөөж ердөө 0.5 хувь л байна гэсэн үг юм. 

Тоон мэдээллийг хэрхэн зөв унших вэ?

  • Орлого, цалин, тэтгэврийн нэмэгдлийн тухай мэдээ сонсохдоо үргэлж "Инфляцийг хассан бодит өсөлт нь хэд вэ?" гэж өөрөөсөө асууж хэвшээрэй.

  • Мөнгөний бодит өгөөжийг (банкны хүү, хөрөнгө оруулалт) тооцохдоо үргэлж тухайн үеийн инфляцийн түвшинтэй харьцуулж дүгнэж байх. 

  • Мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн аливаа статистик (төсвийн орлого, экспортын дүн г.м) мэдээллийг инфляцитай нь уялдуулж байж л өнгөрсөн он жилүүдтэй бодитоор харьцуулах боломжтой болдог.

Тоонд хууртахгүйн тулд "Нэрлэсэн" өсөлтийг биш, "Бодит" өсөлтийг харж сурцгаая.

 
Сэтгэгдэл