
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Олон сүмийн малтлагаас монгол бичгээр бичсэн үйсэн номын 30 орчим хэсэг илрүүлсний дотор Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билиг сургаалын хэсэг байгааг судлаачид тогтоожээ. Монгол-Японы хамтарсан судалгааны баг 2026 оны онцлох үр дүнгээ есдүгээр сарын 15-нд танилцуулав.
Үйсэн номын хэсгүүдийг малтлагын хоёр талбайгаас олсон бөгөөд Чингис хаан Үндэсний музейн сэргээн засварлагчид анхан шатны сэргээлт хийжээ. Урьдчилсан уншилтаар тэдгээрт шашны ном, зурхай, сургаалын шинжтэй агуулга бичсэн нь тодорхой болсон байна.
Харин Чингис хааны билиг сургаалын хэсэг нь Лу. Алтан товчид тэмдэглэгдсэн сургаалтай ижил байгааг судлаачид тогтоосон аж. Үүнийг археологийн малтлагаас илэрсэн энэ төрлийн анхдагч эх хэрэглэгдэхүүн гэж үзэж байгаа бөгөөд нарийвчилсан судалгаа, он цаг тогтоох шинжилгээ, сэргээн засварлалт, хамгаалалтын ажлыг үргэлжлүүлэх юм.
.jpeg)
Япон улсад 2025 онд хийсэн нас тогтоох шинжилгээгээр Олон сүмийг XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед хамаарахыг тогтоосон нь Эрдэнэзуу хийд байгуулагдсан цаг үетэй давхцаж байна. Олдворууд болон барилга байгууламжийн зохион байгуулалтаас үзэхэд Олон сүм нь Монголын анхны сүм хийдүүдийн нэг, шашин, уран барилга, бичгийн соёлын томоохон төв байсан байж болзошгүй гэж судалгааны баг дүгнэжээ.
Малтлагыг дурсгалт газрын зүүн хэсгийн том барилга болон түүний урд орших жижиг барилгад хийсэн байна. Том барилга нь төв танхим, бурхдын таван суурь, тэдгээрийг тойрсон горооны замтай байжээ. Хананаас нь бурхны хөрөг, уул, үүл, могой, ургамлын хээг олон өнгөөр дүрсэлсэн зургийн үлдэгдэл илэрсэн байна.
Түүнчлэн түүхий шавраар хийсэн бурхны баримлын хэсгүүд, толгой, өлмий, шүншигт зориулсан шаазан хундага, морь унасан хүний дүрстэй төмөр эдлэл, эрдэнийн чулуугаар хийсэн 21 ширхэг эрхи, улаан зандан модны хэсэг олджээ.
Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн Монгол-Японы “Бичээс” төслийн хүрээнд Олон сүмд 2025 оноос малтлага явуулж байна. Судалгааг Монголын талаас 2025 онд доктор Л.Эрдэнэболд, 2026 оноос академич С.Чулуун, Японы талаас профессор Такаши Мацүкава нар удирдаж, археологич Э.Уртнасангаар ахлуулсан баг газар дээр нь ажиллажээ.
З.Цэлмэг