Өчигдөр УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийж, 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч Ардчилсан намаас гурван өдрийн завсарлага авлаа. Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2027 оны төсвийн төслийг хэрхэн дүгнэснийг харцгаая.
2027 оны төсөв огцом тэлж байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага, цэвэр зээл 43.6 их наяд төгрөгт хүрч, 2026 оны тодотгосон төсвөөс 9.6 их наяд төгрөгөөр буюу 28.3 хувиар өсөхөөр байна. Өсөлтийн 78.4 хувь нь урсгал зардал, 21.6 хувь нь хөрөнгийн зардалд ногджээ. Өргөн мэдүүлсэн төсөлд ДНБ-д эзлэх төсвийн нийт зарлагыг 2027 онд 37.8 хувь, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 50 хувьд тус тус хүргэхээр тусгасан нь таван жилийн үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтүүдээс 7.8 болон 5.0 нэгж хувиар хэтэрсэн байна.
Улмаар төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 2026 оны байдлаар өндөр орлоготой орнуудад дунджаар 41.1 хувь, дунд орлоготой орнуудад 32.2 хувь, Монгол Улсын тухайд 37.8 хувь байгаа нь орлогын бүлгийн дунджаас хол давсан үзүүлэлт болохоор байна.
- Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2027 онд 9,350.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд үүний 3,939.3 тэрбум төгрөг буюу 42 хувийг татварын орлого, 5,410.7 тэрбум төгрөг буюу 58 хувийг татварын бус орлого бүрдүүлэхээр байна. Төрийн өмчит компанийн ногдол ашиг, түүнчлэн Оюутолгой ХХК-ийн ногдол ашиг төсвийн орлогын өсөлтийн гол бүрэлдэхүүн болж байгаа бөгөөд эдгээр нь тогтвортой байх эсэхээс цаашид төсвийн орлогын эрсдэл хамаарна. Сүүлийн хоёр жилд татварын орлого төлөвлөсөн дүнгээс бага байх хандлагатай байгаа нь татварын орлогыг эдийн засгийн бодит нөхцөл, үйл ажиллагаатай уялдуулан тооцох шаардлагатайг харуулж байгаа төдийгүй татварын орлого төсвийн зарлагыг санхүүжүүлэх боломж хязгаарлагдсан нь орлогын бодлогод өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага болж байна.
- Цалин, тэтгэврийн зардал хүчтэй өснө. Цалингийн зардал 19.5 хувиар өсөж 9.2 их наяд төгрөгт, тэтгэвэр, тэтгэмжийн зардлууд мөн мэдэгдэхүйц нэмэгдэхээр байна. Ялангуяа төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал 228.2 хувиар буюу 3.3 дахин өсөхөөр тооцжээ. Цалингийн өсөлтийг төсвийн орлогоос бус бүтээмжтэй уялдуулах шаардлагатай гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзсэн. Төрийн албан хаагчдын цалинг ижил хувиар нэмэгдүүлэхээс илүүтэй ажилтны тоо, ажлын хэрэгцээ, бүтээмж, үйлчилгээний чанар, гүйцэтгэлтэй уялдуулахыг зөвлөжээ.
- Төсвийн зарцуулалтын үр өгөөжийг хэмжих мэдээлэл хангалтгүй. Ямар хэмжээний мөнгө зарцуулаад ямар бодит үр дүнд хүрэх нь тоон үзүүлэлтээр хангалттай холбогдоогүй гэж дүгнэсэн байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр боловч үр ашиг, чанарт анхаарах шаардлагатай. 2027 онд нийт 815 төсөл, арга хэмжээнд 5.77 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Үүний 2 их наяд төгрөгийг Оюутолгойн ногдол ашгаар санхүүжүүлэхээр тооцжээ.
Ийнхүү эдийн засгийн бүтцийн гажуудалтай нөхцөлд төсвийн зарлагыг тэлэх нь дунд хугацаанд төсвийн эрсдэлийг нэмэгдүүлэхээр байна. Өнөөгийн эдийн засгийн тэлэлт уул уурхай, тээврийн салбарын идэвхжилээр тэтгэгдэж байгаа хэдий ч нөгөө талдаа худалдаа, үйлчилгээний салбар уналттай буюу сөрөг утгатай гарсан. Барилгын салбарын болон хэрэглээний өсөлт нь төрийн бүтээн байгуулалт, төрийн хэрэглээний үр дүнд бий болсон нь төрийн оролцоо эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөөтэй болж байгааг илэрхийлнэ.
Үүнээс гадна ажиллах хүчний оролцоо, өрхийн бодит орлого буурч байгаа зэрэг сөрөг үзэгдлүүд эдийн засгийн өсөлт хүртээмжтэй бус бөгөөд бүтцийн гажуудалтай байгааг харуулна. Татварын орлогын бууралт ч үүний нэг илрэл мөн. Ийм нөхцөлд төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлэх нь дунд хугацаанд төсвийн эрсдэлийг нэмэгдүүлэх нөлөөтэй.
Дүгнээд хэлбэл 2027 оны төсөв хуульд заасан зарим тусгай шаардлагыг хангаж байгаа боловч зарлага, ялангуяа урсгал зардал огцом өсөж, уул уурхайн орлого болон Оюутолгойн ногдол ашигт түшиглэсэн орлогын бүтэц нь дунд хугацаанд төсвийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж болзошгүй. Цаашид төрийн оролцоог бууруулж, зардлын үр ашиг, цалин-тэтгэврийн бодлого, хөрөнгө оруулалтын өгөөжид илүү анхаарах шаардлагатай гэжээ.